2023.03.23

Ж.Батжаргал: Корпарацын 34-өөс доошгүй хувийг олон нийтийн болгох ёстой

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, дагаж мөрдөх журмын тухай хуульд нь өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, бүтэц аж ахуйн бизнесийн харилцааг зах зээлийн жаягаар нь явуулах бодлого чиглэл барихыг дэмжиж байгаа.

Гэхдээ манай хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа технологийн цаг хугацаатай байдаг. Хаврын тариалалтын ажил эхлэх хаяанд тулсан байна. Тиймээс хийдэл, хоцрогдол үүсгэхгүй байх үүднээс хөдөө аж ахуйг дэмжих сангийн чиг үүрэгт байгаа үүргүүдийг уг компаниар шуурхай гүйцэтгүүлэх асуудлыг хуулийн өөрчлөлтийг дагуулж гаргах шийдвэртэй нь тусгаж өгөх хэрэгтэй. Ингэж цаг үеийн асуудлынхаа бэлтгэл ажлыг бүрэн хангаж тэр хэмжээгээр үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг технологийн цаг хугацаанд явуулж, үр дүнд нь ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо, боломж бүрдэнэ.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоотой хяналттай болгох тухай их ярьж буй. Шинээр байгуулагдаж буй корпарац компанийн 34-өөс доошгүй хувийг олон нийтийн болгох ёстой. Ингэснээр олон нийтийн оролцоо, хяналтыг хангана. Хоёрт ХАА-н салбарын үйлдвэрлэл эрхэлж байгаа улсуудын хүрээнд үнэт цаас гаргаж, оролцоо үйл ажиллагааг татах замаар корпарацын үйл ажиллагааг жигд явуулах ёстой. төрийн өмчтэй аж ахуйн байгууллагыг олон нийтийн засаглалтай болгох хугацаа, чиглэлийг тодорхой оруулж байж малчид, тариаланчдын эрх ашиг энэ компаниар дагаж хангагдах ёстой.

Энэ компанийг ХАА-н салбарын тогтвортой хөгжлийг хангах, төрийн бодлого чиглэл бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, төвлөрүүлэн зуучлах чиг үүрэгтэй компани байна. Энэ талаас анхаарах хэрэгтэй шүү.