2023.04.14
Ц.Цэрэнпунцаг: ХАА-н компанийг байгуулахдаа үйл ажиллагааг нь хэрхэн томьёолсон бэ
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Хөдөө аж ахуйн компани байгуулах гэж байна. Манай байнгын хороон дээр Д.Цогтбаатар гишүүн өргөн барьсан. О.Цогтгэрэл гишүүний өргөн барьсан хоёр Их Хурлын тогтоолын төсөл гараад, ажлын хэсэг байгуулагдаад Д.Батлут гишүүн ахлаад явж буй.
Цаашдаа төрийн өмчтэй компани байгуулахаа больё гэсэн. Ийм агуулгатай юм. Гэтэл Их Хурлын тогтоолын төслийг харахаар хөдөө аж ахуйг дэмжих корпораци байгуулахыг зөвшөөрөөд, байгуулахдаа явуулах үйл ажиллагаа, дүрмийн чиглэл өгч байгаа гэж ойлгоод байна. Гэхдээ Г.Тэмүүлэн даргаа эд нар чинь хоорондоо зөрчилдөхгүй байх юм.
Тухайлбал хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй компани гэж ямар компанийг хэлдэг юм бэ? Компани бол ашгийн төлөө байгууллага. Ашиг олдог үйл ажиллагаа явуулж байвал компани гэж үзнэ тийм ээ. Гэтэл өрсөлддөггүй мөртлөө ашиг олдог компани гэж юу гэсэн үг вэ? Монополь эрх өгөх юм уу. Тэрэнд хувийн хэвшил орохгүй тийм үү? Тэгээд өрсөлддөггүй. Энэ чинь жинхэнэ ялзарсан юм болох нь байна шүү дээ! Ийм чиглэл өгч болохгүй ээ Г.Тэмүүлэн дарга аа. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй.
Мөн нээлттэй компани болгоно гэсэн. Тэгээд хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, нээлттэй компанийн хувь эзэмшигчид, эзэд нь хэн болж таарах юм бэ? Энэ болохгүй. Бид төсөвдөө шинэчлэл хийе гэж ажиллаж байгаа. Төсөвдөө шинэчлэл хийхийн нэг шалтгаан нь төрийн өмчит компани. Төрийн өмчит компаниудаас ужгирч гарч ирсэн Засгийн газрын өр ширийг татвар төлөгчдийн татвараар эсвэл инфляциар төлдөг. Энэ дээр л ачаа нэмэх болж байна шүү дээ!
Ямар дүрэм байх юм бэ. Нээлттэй болон хаалттай гэсэн компани буй. ХХК гэж хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани бол ямар ч хяналтгүй. Тавьсан бүх шаардлагууд чинь хоорондоо зөрчилтэй байна. Ийм компани байгуулж болохгүй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.