Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ-ийг хөгжүүлэх үйлдвэрлэлийн газрын зурагтай болох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.01.24

Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ-ийг хөгжүүлэх үйлдвэрлэлийн газрын зурагтай болох хэрэгтэй

ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогыг шинэ шатанд гаргах нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэж байна. Уламжлалт арга, хэлбэрээр явж ирсэн төслийн сонгон шалгаруулалтыг халж, зээл олгохдоо ямар үйлдвэрлэлийг сонгох вэ гэдэгт анхаарч, уг зээл үнэхээр үр дүнтэй байгаа эсэхийг хэмжих цаг нэгэнт болсныг өнгөрсөн хугацаа харуулж байна. 

Монгол Улс албан ёсоор 2009 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулж, санхүүжилт олгож эхэлснээс хойш даруй 8 жил өнгөрчээ. Цаасан дээр тавьсан тоог дурдаад өнгөрч болох ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес хэр өргөжсөн бэ гэдэг асуултад гишүүд хариулт хайж байна. 

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Тэрээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого алдаа, дутагдалтай байгаа учраас засч, сайжруулах ёстой гэлээ. Үүнд Сангийн яам чухал үүрэгтэй болохыг ч хэлсэн. Тиймээс Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар хамтран ЖДҮ-ийг хөгжүүлэх үйлдвэрлэлийн газрын зурагтай болох хэрэгтэй гэсэн саналыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн дэвшүүлж байна.

Хамтран гаргасан газрын зургийн дагуу эхний ээлжинд аль бүс нутагт хичнээн хэмжээний санхүүжилт хэрэгтэй болох, дараагийн ээлжинд ямар үйлдвэрлэл үлдэж байна, түүнийг яаж дэмжих вэ гэсэн шат дараалсан бодлого, эмх цэгцтэй дэмжлэг хэрэгтэй байгааг тэрээр талуудад ойлгуулахыг хүслээ.