УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр тив дэлхийн урлаг спортын тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэж бий. Тив дэлхийн тэмцээнд оролцох гэж маш их зардал гардаг. Оролцоод амжилт гаргахгүй ч үе бий. Б.Жаргалмаа гишүүний гаргасан саналаар батлах гэхээр хэтэрхий өргөн хүрээтэй болоод байна.
Саналаар бол ...ОУ, тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох бэлтгэл хангах... гэж байгаа юм. Нийт 11500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Тэд маань бүгд тэмцээнд уралдааны бэлтгэл хангана сангаас дэмжлэг үзүүлнэ гэхээр улсын төсөв даах уу үгүй гэдэг асуудал бий. Харин оролцох болзол хангасан гэвэл арай боломжийн болно.
ХБХ-ийг дэмжих тал дээр бид анхаарах ёстой. Ингэхдээ олон улсын уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хүүхдүүдээ дэмжээд явах нь зүйтэй."