2017.02.01
Ч.Улаан:Тусгай сан гэж хяналтгүй, дураараа зарцуулдаг хөрөнгийн эх үүсвэр болж хувирсан юм биш үү!
УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2016.12.22, 28-ны өдрүүдэд ЗГ-ын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2 хуулийн төслийг нэгтгэн хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан сангуудын үйл ажиллагааг цэгцлэх цаг болсныг хэлээд, энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөөсэй гэсэн санал гаргасан юм.
УИХ-ын гишүүн Ч.Улаан,
Ер нь энэ тусгай сангийн тухай тогтолцоо зөв юм уу. Засгийн газрын сангийн үйл ажиллагааг зохицуулдаг эрхзүйн орчин нь бүрдээгүй, сан нь хууль заасан эх үүсвэрээрээ бүрддэггүй, хөрөнгийг нь хуулийн дагуу зарцуулдаггүй юм байна. Мөн сангийн үйл ажиллагаанд тавьдаг дотоод хяналт байдаггүй юм байна.
Ингээд үзэхээр тусгай зориулалтын сан гэж энэ хэлбэрээр байх үндэслэл алга л харагдаж байна. Ийм дүгнэлтүүд хийж хуулийн төсөл оруулж ирсэн байж, харамсалтай нь тодорхой арга зам гаргасан санал оруулж ирээгүй байна.
Хатуухан хэлэхэд, Тусгай сан гэж улсын төсвөөс тодорхой хөрөнгө хувиарлаж аваад хяналтгүй, дураараа зарцуулдаг эх үүсвэр болж хувирсан юм биш үү.
Засгийн газрын тусгай зориулалтын цэгцлэх ёстой юмаа. 34 сан үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа. Эдгээрээс жинхэнэ "сан"-ийн зориулалтаараа ажиллаж байгаа нь хэд байна? гэдгийг нухацтай авч үзээсэй. Энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөөсэй гэсэн санал гаргаж байна.