Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ үеэр хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль хэмээн хоёр салгаж, эдгээр хуулиудыг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 19.3.6 дахь заалтын шилжсэн зохицуулалтыг шинээр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай болсон тул Улсын Их Хурлын чуулганаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар болсон” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа амьгүй донорын тэтгэмжийг авахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шалгууртай хуулийн зохицуулалтыг төслийн хүрээнд хэрхэн шийдвэрлэснийг тодруулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал амьгүй донороос авах тодорхой эд, эрхтэн нь бусдын эрүүл мэнд, амь насанд нэн хэрэгтэй байхад ар гэрт нь нэг удаагийн тэтгэмж өгөхөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнтэй холбох шаардлага бий эсэхийг лавласан юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Холбогдох хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаанд төлсөн амьгүй донорт тэтгэмж олгох заалттай. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж буй төсөлд Эрүүл мэндийг дэмжих сангаас амьгүй донорын гэр бүлд тэтгэмжийг нь олгодог байхаар тусгасан. Харин холбогдох хуульд заасан 36 ба түүнээс дээш сарын шимтгэл төлсөн амьгүй донорын тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгоно. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь үүсэхгүй байгаа амьгүй донорын гэр бүлд энэ хуулиар Эрүүл мэндийг дэмжих сангаас нэг удаагийн тэтгэмж өгөхөөр зохицуулсан” хэмээн хариулж байлаа.
Мөн тэрбээр, "Ер нь олон улсад ч амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлж авахдаа өндөр төлбөр төлөх, эсвэл худалдаж авна гэсэн асуудлыг хөнддөггүй. Учир нь худалдаж авах, төлбөрийн асуудал хөндөхөөр эргээд хүний эд, эрхтний далд наймаа руу шилжих, буруу хандлага тогтох магадлалтай гэж үздэг” хэмээх нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг зарчмын зөрүүтэй нэг санал гаргав. Төслийн 19.3.6 дахь заалтыг “Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөлт нь хуульд заасан хугацааг хангаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмж” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.