2021.03.25

Б.Баярсайхан: Төрийн байгууллага нь хариуцлагатай ажиллаж байж сангийн үйл ажиллагаа хариуцлагатай болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

"Хүүхдийн сан байгуулах ажлыг маш их дэмжиж байгаа. Миний өмнө олон гишүүн, салбарын сайд ч бас хэллээ. Нэгдүгээрт сангийн үйл ажиллагаа, зарцуулалт шилэн байх ёстой. Ийм хэлбэрээр явж байгаа ТББ-ыг олныг мэднэ. Хүүхдийн төлөө гэхээр Монголчууд хандив ихээр өргөдөг гэдэг нь Хүүхдийн фонд үүсгэх үед харагдсан. Гэхдээ хяналттай, шилэн, үр дүнтэй байх ёстой.

Хоёрдугаарт, зөвхөн урлаг спортоор амжилт гаргасан хүүхдүүдэд энэ сан зориулагдах нь учир дутагдалтай. Зөвхөн гэрийнхээ орчинд 1 жилд 20 мянган хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа тоо мэдээлэл байна. Хүүхдийн төлөө фондод эцэг эхчүүдийн оролцоог сайжруулж, ухамсрыг дээшлүүлэх, хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд автуулахгүй байх чиглэлд салбарын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар анхаарч ажиллан, сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийг хамгаалах чиглэлд зориулаасай гэж хүсэж байна. 

Төрийн байгууллага хариуцлагатай ажиллаж байж дагаад сангийн үйл ажиллагаа хариуцлагатай болно. Тиймээс Ариунзаяа сайд агентлагийнхаа үйл ажиллагаанд анхаарал хандуулаарай гэж хүсэж байна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn