2023.03.23

Д.Өнөрболор: Сангийн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлсэн үү

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, хөдөө аж ахуйн корпарац нэртэйгээр компани болгох аж. Санг татаж буулгаж байгаа үндэслэлийг харахаар сангийн хөрөнгийн чадвар доройтсон, активын чадвар буурсан, эргэлтийн хөрөнгийн хомсдолд орсон гэжээ. Үүнийг яамнаас гаргасан дүгнэлт үү эсвэл хөндлөнгийн хяналт тавьсан байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу хийж буй зүйл үү.

Сангуудыг тойрсон олон нийтийн шүүмжлэл их байдаг. Яагаад ийм байдалд орох болсон шалтгааныг тодруулахгүй юу. Сан хүнсний салбарын үнийн өсөлтийг бууруулахад ямар үүрэг гүйцэтгэж ирсэн бэ? Сангийн санхүүгийн үзүүлэлт ямар байна вэ. Миний ойлгосноор нийт эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, 382.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй атал авлага нь 217.2 тэрбум төгрөг байна. Авлага нь бүхэлдээ найдваргүй болчихсон гэж байна. Ийм учраас аж ахуйн тооцоонд шилжиж байна гэж ойлгогдоод буй.

Төрийн өмчит компаниудын цаг хугацаа, бусдын боломж, хөгжлийн бодлого гээд олон зүйл алдагдсан. Энэ алдагдсан боломжуудын хариуцлага гэж байна уу? Нөгөөтэйгүүр төрийн өмчит компани байгуулахад олон шалгуур, шаардлага байдаг. Ялангуяа олон улсын жишгээс харахад судалгаа, шинжилгээ хийж, эрсдэлийг үнэлж байгуулдаг. Сан аж ахуйн хэлбэрт шилжихэд өнөөдөр бэлэн байна уу? Бэлтгэл нь бүрэн хангагдсан уу? Хувьцаа эзэмшигчид нь ямар хүмүүс байна вэ?

Хөдөө аж ахуйн сан нь компани болоход хэдий хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй байна вэ. Цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бизнесийн зарчмаар ажиллах боломжийг нь хэрхэн бүрдүүлэх вэ? Компанийн засаглал, удирдлага зохион байгуулалтын талаар тодруулъя. Компани олон нийтийн хяналтад байх нөхцлийг хэрхэн бүрдүүлсэн бэ? Сайдын мэдээлэлд эрчимжсэн мал аж ахуй гэсэн тайлбарыг дурдлаа. Гэтэл гишүүдэд ирсэн эх сурвалжаас харахад зөвхөн газар тариалангийн буюу үр тариа, улаан буудай үйлдвэрийн чиглэлээр ажиллана гэж ойлгогдоод байна. Хөдөө аж ахуйн бусад салбарын үйл ажиллагаанд хамаарах уу?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.