Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.01.14

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан 10 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.

Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж эхлэв.

Ажлын хэсгээс 121 зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн бөгөөд 1-81 дэх саналын томъёоллыг Байнгын хорооны 2018.01.06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 82-121 дэх саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн зүйл, заалт бүрээр асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт, тайлбарыг өгч байлаа.

Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн зарим зүйл, заалтад тайлбар хийлээ.

Тухайлбал, цалин хөлс, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах, хөдөлмөрийн сонирхлын маргаан, түүнийг шийдвэрлэх, хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, ажил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглох, хойшлуулах, түр зогсоох, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрлийн журмаар зохицуулах, хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх, ажил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг зүйлүүдэд тайлбар өглөө.

Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм.  

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэн Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.