“Хөдөлмөрийн тухай хууль”- д ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг анх удаа тусгаж өглөө
2021.09.02

“Хөдөлмөрийн тухай хууль”- д ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг анх удаа тусгаж өглөө

Өнгөрсөн хаврын чуулганаар Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1.1 сая ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуульд хөдөлмөрийн харилцааг зохицуулсан олон чухал заалт орсноос гадна хүний эрхийг хамгаалсан заалтууд ч цөөнгүй орсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.

Тэрээр

Өнөөдөр нийгмийн олон салбарт янз бүрийн хэлбэрээр охид эмэгтэйчүүдийн ЭРХ зөрчигдөж байна. Эдгээрийн нэг нь хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн адил тэгш оролцох эрхийг хязгаарлаж буй ажлын байрны бэлгийн дарамт юм. Ажлын байрны бэлгийн дарамт нь ихэвчлэн далд оршдог, хүчирхийлэл гэж нотлон батлахад хүндрэлтэй мөртлөө эмэгтэй хүний амьдралд урт хугацаанд сэтгэлийн шарх, дарамт үүсгэдэг, хүсэл мөрөөдлийг нь үгүй хийдэг, улмаар амьдралыг нь ч сүйрүүлдэг маш эмзэг асуудал юм. 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих “Хөдөлмөрийн тухай хууль”- д ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн асуудлыг АНХ УДАА тусгаж, авах арга хэмжээ зааж өглөө.

Мөн “Ажил эрхлэлт, Ажлын байрны орчин” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна гэж нарийвчлан туслаа. Үүнээс гадна ажилтан болон ажил олгогчын үндсэн үүргүүдэд “ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхгүй байх, дарамт хүчирхийллээс ангид ажлын байрны орчин бүрдүүлэх” гэсэн заалтуудыг оруулж өгсөнөөрөө ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулахад аль аль тал нь хуулийн дагуу үүрэг хүлээх байдлаар зохицуулт орлоо.
Ингэснээр хөдөлмөрийн харилцаанд олон хэлбэрээр үүсэх бэлгийн дарамтыг асуудал хуулийн зохицуулалттай болж байна.

хэмээн бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn