НББСШУ-ны байнгын хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн үзэл баримтлалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.
Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.
Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан байна. Үүнд:
1. Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тусгасан байна.
2. Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулжээ.
3. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан аж.
4. Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгажээ.
5. Цалин хөлсний зохицуулалтын тухайд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байгууллага бүрт дотоод журам байдгийг дурдаад тэр журмын дагуу ажилтантай гэрээ байгуулах эсэхийг шийдэхээс гадна цалинг үзэмжээрээ тогтоодог байдал хууль батлагдсанаар шийдэгдэх үү хэмээн лавласан. Мөн адил түвшний ажил хийж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин зөрүүтэй байдаг гажуудлыг засах заалт хуулийн төсөлд бий эсэхийг тодруулж байлаа.
Сайд С.Чинзориг, Хуулийн төсөлд хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан гэлээ. Өөрөөр хэлбэл түр ажиллаж эхэлсэн, дагалдангаар ажиллаж байгаа ч хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох нь.
Мөн цалин хөлстэй холбоотой суурь зохицуулалтыг төсөлд тусгасан аж. Адил ажил хийж байгаа хүмүүсийн авч буй цалин адил байхаар зохицуулжээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг нар асууж тодруулсан. Дараа нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Тус зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Чинзориг танилцуулсан.
Танилцуулгын эхэнд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нь төрийн үйл ажиллагааны үндсэнзарчмыг удирдлага болгож, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрх болон УИХ-ын Байнгын Хорооноос баталсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнднийгмийн даатгалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2017 онд 11 удаа хуралдаж, 25 тогтоол шийдвэрийг баталж, дүрэм, журам, заавар боловсруулан, нийгмийн даатгалын салбарыг нэгдсэн удирдлагаар ханган ажилласныг дурдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 18 хувийн хүүтэй байсныг 15 хувийн хүүтэй болгож нийт 99163 тэтгэвэр авагч 79.3 тэрбум төгрөгийн зээлийг авч, 1.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлсөнбайна.
Нийгмийн даатгалын санд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 1467.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1546.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 105.3 хувиар биелүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангийн зарлагыг 1,907.5 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс тэтгэвэр авагч, даатгуулагчдад нийт 1,893.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн зардал олгож 99.1 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсөв 14.0 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн байна.
“Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллыг сонгон шалгаруулах журам” болон “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих орны дээд хязгаар, жилд сувилах даатгуулагчийн тоо, нийт ор хоног”-ийг тус тус баталж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих нэг ор хоногийн зардлын хэмжээг 30000 төгрөг байхаар тогтоосон. Ингэснээр сувиллаар үйлчлүүлэх иргэдийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээг багасган, сувиллаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлжээ.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс 2017 онд арилжааны банкуудад байршуулах хөрөнгийн хэмжээг 740.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого 15-15.5 хувь болж өссөнөөр 90.1 тэрбум төгрөгийн орлого орсон нь өнгөрсөн онтой харьцуулбал 39.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэлээ.
Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн өвчний үед ууж, хэрэглэх 10 ерөнхий нэршлийн 30 эм, бэлдмэлийн үнийг 2017 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.Ингэснээр томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээний үр дүнг сайжруулан, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар ахиц гарсны зэрэгцээ тэдний эцэг, эх, асран халамжлагчдын эм, эмчилгээний чиглэлээр зарцуулдаг зардлыг багасгахад тодорхой дэмжлэг болсонхэмээн тайланд дурдсан.
“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулж, нийт 381.5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулав. Аяны хүрээнд хийсэн шалгалтаар 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291.9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгож, нийт 1,747 тэтгэвэр авагчтай холбоотой 1,173.8 сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Мөн улсын байцаагчийн актаар тогтоосон 1,210.5 сая төгрөгийн төлбөр зөрчлөөс 483.1 сая төгрөг үлдэгдэлтэй буюу биелэлт 60.1 хувьтай байгаа аж.
Тус тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асууж тодруулахдаа тэтгэврийн зээл, арилжааны банкинд байрлуулсан Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг шалгах Байнгын хорооны ажлын хэсгийг байгуулж ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалж ажиллахаар боллоо.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
Дараа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тус зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл 2017 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.
Эрүүл мэндийн даатгалын санд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 356.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 366.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 102.8 хувиар буюу 10 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
2017 онд давхардсан тоогоор 6.8 сая даатгуулагчид 290 тэрбум төгрөгийг хууль болон Үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу хугацаанд нь бүрэн олгож, даатгуулагчдад тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэлээ хэмээн тайлагнасан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх, Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторитой даатгалын гэрээ байгуулан ажиллажээ. Иргэдийг элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид 80 000-120 000 төгрөг байхаар тогтоож, 2 хүртэлх шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцан санхүүжүүлсэн байна.
“Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг баталж, даатгуулагчдыг насны ангиллаар /40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч/ оношилгооны 3 багцаас өөрсдөөр нь сонгуулах замаар оношилгоонд хамруулсан талаар мөн дурдсан.
Тайлан мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд өрхийн эмнэлгүүдэд олгох санхүүжилт бага байдгаас өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх бодлого алдагдаж, иргэд өвчин нь хүндэрсэн хойноо дараагийн шатлалын эмнэлэгт хандаж байгаад анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдэд санууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.