Н.Наранбаатар гишүүний саналыг байнгын хороо дэмжлээ
Монгол Улсын Их Хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Сүүлийн 10 жил орчим Монгол Улсын хөдөлмөрийн харилцаанд нэн шаардлагатай болоод байгаа уг хууль орчин цагийн хөдөлмөрийн шинэ харилцааг зохицуулах нэн шаардлагатай байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд зайлшгүй оруулах зохицуулалтуудын нэг бол уртын ээлжээр буюу уул уурхайн салбарт ростер /жасаа/-аар ажиллаж байгаа ажилтны амрах, ажиллах хугацааг тогтоох юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэгэн шинэ зохицуулалт бол жасаагаар ажиллах нөхцөл юм. Ингэхдээ жасаагаар ажиллах гэж ажилтныг алслагдмал газар байрлуулж, ажил үүрэг гүйцэтгүүлэх болон амраах хуваарийн дагуу ажиллуулах зохицуулалтыг тодорхойлсон байна.
Хуулийн төслийн “71.4. Жасаагаар ажиллах ажилтны нэг сард ажил үүрэг гүйцэтгэх хоног нь 20-иос доошгүй, амрах хоног нь 10-аас доошгүй байна.” гэж боловсруулсан байсан.
Уг заалтыг уул уурхайн салбарт жасаагаар ажиллаж байгаа иргэд эсэргүүцэж байгаа бөгөөд уурхайн ажилтнуудаа төлөөлсөн үйлдвэрчний эвлэлийн болон төрийн бус байгууллагууд хамтран өөрсдийн саналыг УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт удаа дараа уламжилсан юм. Н.Наранбаатар гишүүн Өмнөговь аймгийн засаг даргаар 4 жил ажилласан хүний хувьд уул уурхайн салбарт жасаагаар ажиллаж байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг сайн мэдэх хүн тул Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд уурхайчдынхаа саналыг уламжилсан байна. Ингэхдээ хуулийн төслийн 71.4 дэх хэсгийн ажиллах амрах хугацааг 20:10 гэснийг 14:14 хоног болгох санал байсан юм.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хүргүүлсэн санал
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хүргүүлсэн санал
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Н.Наранбаатар гишүүний гаргасан дээрх саналыг дэмжээд байна. Ингэснээр уул уурхайн салбарт жасаагаар ажиллаж байгаа ажилтнууд 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг байх хуулийн зохицуулалттай болох боломж бүрдлээ.
Жасаагаар ажиллах зохицуулалт нь гэр бүли болон тухайн ажилтны эрүүл мэндтэй шууд холбоотой хөдөлмөрийн харилцаа бөгөөд тухайн ажилтан гэрээсээ алслагдмал газар ажилладаг тул гэр бүл болон үр хүүхэддээ анхаарал халамж тавих боломжгүйгээс гэр бүлийн салалт ихсэх шалтгаан болж байна. Мөн ажлын цагийг зөв зохицуулаагүйгээс бол тухайн ажилтны эрүүл мэнд болон нойр солигдох, үүнээс шалтгаалж үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл өндөр болдог байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын уул уурхайн салбарт 56.600 гаруй хүн ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, экспортын 90%-ийг үйлдвэрлэж байгаа юм. Тиймээс мянга мянган уурхайчдынхаа эрх ашгийг төлөөлж гаргасан Н.Наранбаатар гишүүний саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээд байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn