2021.01.07

Л.Энх-Амгалан: Уул уурхайн салбарт ажиллаж байгаа залуучуудын хувь заяаг ажил олгогчдын гарт үлдээж болохгүй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа залуучууд байна. Нэг хэсэг залуучууд амьдралын эрхээр Солонгос руу явж асар олон гэр бүлүүд салж, хүүхдүүд өнчирж үлдсэн гашуун түүх байна. Одоо Монгол залуус бас л жаргал хөөж яваагүй уул уурхайн компани дээр очоод царай алдаад сууж байна. Эх орондоо ажиллаж байж бид Солонгост хөдөлмөрлөж байгаа юм шиг ажил олгогчдийн дохио зангаагаар залуучуудынхаа хувь заяаг тэд нарын гарт хаяж болохгүй. Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнодоос ирж ажиллаж байна. Очсоор байтал замдаа дөрөв хоног нь байхгүй болдог. 

Уул уурхайн салбарт, уртын ээлжинд ажиллаж байгаа залуучуудын хүлээж байгаа заалт 14.14 гэсэн заалт юм. Энэ заалтыг тодорхой болгож эрх зүйн өөрчлөлтүүдийг хийсэн шиг хийх ёстой. Тэгэхгүй бол хуулийн цоорхой болно гэж үг оруулдаг. Ажил олгогчид үзэмжээрээ шийдэх юм шиг байдлыг хуулиараа өөгшүүлж болохгүй. Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалсан хууль гаргаж байгаа бол 14.14-р заалт дээр хатуу зохицуулалт нь байх ёстой.