Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөрийн яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн шинж чанартай, ажиллагсдын нийгмийн баталгааг түлхүү тусгасан.
Харин аж ахуйн нэгж, албан байгууллага, албан бус секторт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байсаар байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээ хязгаарлагдмал, хөдөлмөрийн харилцааг явцуу утгаар буюу хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна” гэв.
Мөн тэрээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашиг, сонирхлыг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход хэлэлцүүлэгт оролцогчдын санал нэн чухал гэдгийг нэмж хэлсэн юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцуулсан. Одоогийн мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталсан юм. Үүнээс хойш 14 жилийн хугацаанд улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ хандлага, арга хэлбэр нэвтэрсээр байгаагаас үүдэн уг хуулийг эргэн харж, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, өөрийн орны онцлог нөхцөл байдлыг харьцуулан өөрчлөх шаардлага тулгарсан.
Тиймээс Хөдөлмөрийн яам, нийгмийн түншүүд болох Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон мэргэжлийн хуульчид, сонирхогч талуудын оролцоо, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын техникийн туслалцаатайгаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Нийт 13 бүлэг, 128 зүйлтэй уг хуулийн төсөлд хамтын хэлэлцээ, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, норм, ажил амралтын цаг, зарим онцлог бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааны зохицуулалтыг тусгасан. Мөн хөдөлмөрийн дотоод журам, сахилга, эд хөрөнгийн хариуцлага, удирдлага, хяналттай холбоотой зохицуулалт, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага зэргийг тусгасан болохыг дэлгэрэнгүй танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын Ажил олгогч эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зүгээс уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн юм. Дээрх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултаа асууж, холбогдох саналуудыг гаргаж байв.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах, зарим асуудлыг оновчтой томьёоллоор нарийвчлан тодорхойлох боломжтой гэдгийг хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг илэрхийлсэн.Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар оролцлоо.
Мөн Хөдөлмөрийн яам, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Жендэрийн үндэсний хороо, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.