2022.08.30

Хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулсан ажилтанд ээлтэй хууль батлагдлаа

Нэг сая гаруй ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл 2018 онд өргөн баригдаж хоёр ч парламентын гар дамжиж, 2021 оны хаврын чуулганаар батлагдсан бөгөөд уг хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна.

Энэхүү хуулиар:

  • Хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа,
  • Цагаар ажиллах,
  • Гэрээсээ, зайнаас ажиллах,
  • Уртын ээлжээр ажил,
  • Үүргээ гүйцэтгэх,
  • Туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицууллаа.
Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай. Албан бус салбарт нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Үүн дээр түшиглэн хөдөлмөрийн харилцааны энэ онцлогт тохирсон зохицуулалтыг шинэ хуульд оруулсан.

1. Туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.

2. Ажил олгогч нь тэдэнд ажиллаж амьдрах хэвийн нөхцөлөөр хангах, ээлжийн амралт олгох үүрэг хүлээнэ.

3. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэсэн заалтууд оруулжээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд төрийн, эцэг эхийн үүрэг чухал. Тиймээс байгууллага бүхэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх заалтыг миний бие санаачлан Хөдөлмөрийн тухай хуульд тусгуулсан юм. Энэ оны эхнээс “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн энэ заалт мөрдөгдөж эхлээд байна.

Түүнчлэн шинэ хуулиар:

  1. Ажлаас халагдсаны тэтгэмжийг нэмэгдүүлсэн
  2.  Ажил байдлын тодорхойлолт авах эрхтэй болов
  3. Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх
  4. Ажил олгогч ажилтны цалинг хоцроовол алданги төлөхөөр болов
  5. Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг заавал танилцуулах үүрэгтэй болов
  6. Ээлжийн амралтын тооцоог заавал хийх болсон.