2020.06.10

Монгол Улс хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталснаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ

Хөдөлмөрийн хууль тогтоомж нь нийгмийн суурь харилцаа болох хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг учир дэлхийн улс, орнуудын суурь хууль тогтоомжийн нэг бөгөөд иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдох бусад эрхүүдийн хэрэгжилтийг хангахад нэн чухал ач холбогдолтой хууль юм.

Мөн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан конвенци, протокол, зөвлөмж чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс 1999 оноос хойш олон улсын хөдөлмөрийн 4 суурь конвенци болох:  

  1. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай 182 дугаар конвенцид 2001 онд,
  2. Ажилд авах насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцид 2002 онд,
  3. Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид 2005 онд,
  4. Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцид 2005 онд 

тус тус нэгдэн орсон учир өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг эдгээр болон бусад конвенци, зөвлөмжид нийцүүлэх шаардлага бий болж байна. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад болж буй одоо мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн зарим заалтыг танилцуулья.

 Тодруулбал: 

Ажилд авах насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенци

 2-р зүйлийн 3-т “Ажилд авах насны доод хязгаар нь заавал эзэмших боловсролын наснаас багагүй байх.” гэж заасан байна.  Харин Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1, 109.3-д зааснаар “албан боловсрол эзэмшээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх боломжтой бөгөөд энэ нь цаашид хүүхэд сурч боловсроогүйгээс ирээдүйд ядууралд ороход хүргэж болзошгүй байна. 

7-р зүйлийн 3-т “Эрх бүхий байгууллага 13-15 настай хүний эрхэлж болох хөнгөн ажил, түүний нөхцөл, ажлын цагийг тогтоох.” гэж заасан байна. Харин одоогийн хөдөлмөрийн тухай хуулинд  хөнгөн ажлыг зохицуулсан зохицуулалт байхгүй учир 13-15 насны хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй, нөгөө талаас 15 нас хүрсэн хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэх асуудал гарч болзошгүй байна. 

9-р зүйлийн 3-т “Үндэсний хууль тогтоомж эсвэл эрх бүхий байгууллага 18-с доош насны хүнийг ажиллуулсан ажил олгогч бүртгэл хөтлөх тогтолцоог бүрдүүлэх.” гэж заажээ. Одоо мөрдөж буй хөдөлмөрийн тухай хуулинд хүүхэд ажиллуулсан ажил олгогч бүртгэл хөтлөх заалт тусгагдаагүй учир хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн эрх ашгийг хамгаалах заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.

Ялгаварлан гадуурхахгүй байх (ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенци

3-р зүйлийн /с/ хэсэгт “... бодлогод нийцэхгүй аливаа хууль тогтоомжийг хүчингүй болгох.” гэж заасан бол хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 "Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална." гэж заасан байна. ОУХБ-аас энэ заалтыг яаралтай хүчингүй болгох хэрэгтэйг анхааруулжээ.

Тэгш шан хөлс олгох тухай 100 дугаар конвенци

 2-р зүйлийн 1-т “Адил үнэ цэнэ бүхий ажилд адил цалин хөлс олгох зарчмыг хэрэгжүүлэх.” гэж засан байдаг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 49.2. Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно гэж заасан.

Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай 181 дүгээр конвенци

11-р зүйл, 12-р зүйлд “Гишүүн орнууд хувийн хөдөлмөрийн байгууллагын статус, үүргийг тодорхой болгох, тэдгээрийн ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг авах.” тухай заасан байна. Монгол Улс энэхүү конвенцид 2015 онд нэгдэн орсон учир уг конвенцид заасны дагуу ажилчдын эрх ашгийг хамгаалах, эдгээр албаны чиг үүргийг тодорхой болгох асуудлыг хууль, тогтоомжоор шийдвэрлэх шаардлагатай байна.

Хөдөлмөрийн хяналтын тухай 81 дүгээр конвенци /Монгол Улс нэгдэж ороогүй/ 

3-р зүйл, 12-р зүйлд “Хөдөлмөрийн байцаагч хууль хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, хууль тогтоомжоор шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлын талаар эрх бүхий байгууллагад санал тавих, хууль хэрэгжүүлж байгаа талаар байцаалт авах” гэсэн байна. МХЕГ-с энэхүү конвенцид нэгдэх шаардлагатай байгаа талаар анхааруулж нэгдэх асуудлыг судалж шийдвэрлэх шатанд явж байна. Харин энэ тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулинд тодорхой заалт байхгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрхтэй боловч бүрэн тусгагдаагүйгээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна.

Цагийн ажлын тухай 175 дугаар конвенц /Монгол Улс нэгдэж ороогүй/

5-р зүйлд “Цагийн ажилтан ижил аргачлалаар тооцсон бүтэн цагийн ажилтнаас бага цалин хөлс авахгүй байх” гэж заасан байна. Харин хөдөлмөрийн тухай хуулинд цагийн ажилтны зохицуулалт байхгүй бөгөөд олон улсын судалгааны агентлагийн гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар Монгол Улсад цагийн ажлын хөлс 1065 төгрөгтэй тэнцүү байгааг тогтоожээ. Гэвч энэ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний 1 цагийн доод хэмжээ 1142.85 төгрөгөөс ч бага байна. Иймд уг конвенцид нийцүүлж цагийн ажилтны цалин хөлсийг үндсэн ажилтны цалин хөлснөөс багагүй байлгах арга хэмжээг авах шаардлагатай байна.