УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.02.08

М.Оюунчимэг: Цагийн ажил эрэлт хэрэгцээ ихтэй байгаа учраас журамлах нь зүйн хэрэг

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-д 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийг дэмжиж үг хэллээ. 

М.Оюунчимэг: Хөдөлмөрийн тухай хуульд цаг үеийн шаардлагатай уялдуулан өөрчлөлт хийх цаг нь болсон гэдэгтэй санал нэг байна. Өөрчлөх зүйл маш их бий. Наад зах нь аж ахуй нэгж, байгууллагууд дотоод журамдаа нийцүүлэн дуртай бол авдаг, дургүй бол халдаг тохиолдол цөөнгүй бий. Сарын дотор гурван дарга солигдож, тэр болгонд хөдөлмөрийн гэрээ шинэчилж хийсэн жишээ хүртэл байна шүү дээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байна.

Цагийн ажил бол Монголд “моод” болтлоо дэлгэрсэн. Үндэсний олон нийтийн телевизид гэхэд цагаар ажиллах хүсэлтэй хүмүүс их ирдэг. Олон улсын байгууллагуудад ихэнх хүн цагаар ажилладаг. Тиймээс цагийн ажлыг журамлаж өгөх нь зөв юм.

Өмнө нь ихэвчлэн ажил олгогчдынхоо эрх ашгийг бодолцдог байсан бол одоо шинээр ажлын байр бий болгох, хүнийг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал номер нэг болчихоод байна. Ажил олгогчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх нь зүйтэй л дээ. Гэхдээ цагийн ажлыг журамлалаа гээд ажил олгогчдын эрх ашиг хөндөгдлөө гэж ярих нь илүүц юм.

Анхнаасаа тухайн хүнийг цагийн ажилд авахдаа л тодорхой дүрэм журам мөрдөөд явах нь зүйтэй гэж үзэж байна. Харин үр дүнг харгалзана гэдэг асуудал байх ёсгүй гэж бодож байна.