З.Мэндсайхан: Гаалийн болон НӨАТ-аас 46 тэрбум төгрөг чөлөөлнө
2020.11.27

З.Мэндсайхан: Гаалийн болон НӨАТ-аас 46 тэрбум төгрөг чөлөөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. 

Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан танилцууллаа. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулав. 

Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад, дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаврыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. Түүнчлэн Гаалийн албан татвараас челөөлөх бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос, өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхлэн 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх юм байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Саранчимэг, Б.Жавхлан, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Ц.Туваан, Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж байгаа гол нэрийн бүтээгдэхүүний бараа нь ноднингийнхоос хэдий хэмжээгээр нэмэгдсэн талаар тодруулав. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ноднин гол нэрийн бүтээгдэхүүний гаалийн татвараас 7 тэрбум, НӨАТ-аас 16 тэрбум төгрөг чөлөөлж байсан, энэ жил нийт 46 тэрбум төгрөгийг чөлөөлөхөөр тооцоолсон гэлээ. Мөн гишүүд нөөц бүрдүүлснээр, бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн тогтвортой байлгахыг лавлаж байв. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы тайлбарласнаар, нөөцийг бүрдүүлж, үнийг тогтвортой байдалп ШӨХТГ, МХЕГ-тай хамтран ажиллана. Мөн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээ байгуулна гэлээ. 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон 65 гишүүний 42 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.