Зарим барааг гаалийн татвараас чөлөөлнө
2018.04.19

Зарим барааг гаалийн татвараас чөлөөлнө

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүдийг өргөн барилаа.

2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиар Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн ахуйн аж арга хэмжээний ажил болон импортоор  оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSM/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх мод, хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн гэж Засгийн газар үзэж байгааг сайд хэллээ.

Экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий дээрх хуулиудын үйлчлэх хугацаа дуусгавар болсон тул “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” болон “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, ийнхүү өргөн мэдүүлэв.