Стратегийн хүнсний татварыг хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30 хүртэл чөлөөлнө
2020.04.09

Стратегийн хүнсний татварыг хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30 хүртэл чөлөөлнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. 

Хуулийн төсөлд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнс буюу улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгасан байна. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өчигдөр хэлэлцэн зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэжээ.

Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн гурван зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хугацааг “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цаг хүртэл түр завсарлалаа.