Улс хоорондын шуудан илгээмжийнгаалийн татвараас чөлөөлөх төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.06.20 / өргөн барилаа.
Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байна.
Ийм төрлийн илгээмж хүлээн авч байгаа иргэдийн хувьд дээрх төрлийн бараанд гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна. Тухайлбал, шуудангийн байгууллагуудад тавьдаг хэрэглэгчийн гомдол, саналын 30 хувь нь гаалийн татвартай холбоотой байдаг бөгөөд үүнийг иргэд шуудангийн байгууллага төлбөр нэхдэг хэмээн ойлгох нь түгээмэл байна.
Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд албан татвараас чөлөөлөгдөх улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар тусгалаа. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоожээ