2014.06.27

О.Баасанхүү: Интернэтээр бараа үйлчилгээ захиалж ашиг олдог иргэдийг хааж боох хэрэггүй

УИХ-ын пүрэв гаригийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд иргэд, улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээг өргөн ашиглаж байгаатай холбоотойгоор шуудангийн илгээмжээр хувь хүний нэр дээр илгээсэн хувийн хэрэглээний эд зүйлсээс авч байгаа гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын асуудалд шүүмжлэлтэй хандах байдал ихэсч байна.

Иймээс нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн албан татвараас чөлөөлөгдөх арилжааны шинж чанаргүй, хоёроос доошгүй төрлийн барааны үнийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй байхаар хуулийн төсөлд тусгаснаа дурдав.

О.Баасанхүү гишүүн дэмжээгүй юм.

Тэрбээр “ebuy.com оор бараагаа захиалаад авахад брэндийн барааг 10-20 дахин хямд үнээр авдаг болж. Нөгөө талаасаа манайд 1800 төгрөг болчихсон долларын ханшийг тэд 1200 төгрөгөөр тооцдог юм байна. Харамсалтай нь тамын тогооны үлгэр шиг хямдханаар гаалийн татвар төлөөд байна, ашиг олоод байна гэсэн лобби явсаар байгаад опшиоруудын нүдэнд өртчихлөө.

Дуртай үедээ гадаад яваад брэндийн хувцас аваад өмсчихдөг хүмүүсийн хувьд инээдтэй байх л даа. Гэтэл өнөөдөр мянга мянган хүн орчин үетэй танилцаж, бараа үйлчилгээг оригналиар нь хэрэглэж байгаа юмаа. Тодорхой хэмжээний мэдлэгээ ашиглаад орлого олох гэсэн хүмүүсийг хааж боох гэсэн төсөл оруулж ирж байж гавъяа гэж харах хэрэггүй.