Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2020.04.07

Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаан  өнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдаанаар Засгийн газраас  2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан. 

ДЭМБ-аас коронавирусний тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөллийг урьдчилан төсөөлөх боломжгүй байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарчээ. 

Тиймээс хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэхэд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан тул Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч корона вирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 150.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгагджээ. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.