"Буудай оруулж ирснээр гурилын үнийг тогтворжуулна"
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2014.01.15

"Буудай оруулж ирснээр гурилын үнийг тогтворжуулна"

Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн, Төсвийн байнгын хороод хамтран Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Мөн дээрхи хуулидтай холбогдуулан “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас дотоодын хэрэгцээг хангах, гурилын үнийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянга хүртлэх тонын улаан буудайг импортлохоор болсон. Улаан буудай оруулж ирэхийн тулд Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулах шаардлагатай байгаа юм.

Эдгээр төслүүдийг Төсвийн байнгын хороо, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Татвараас чөлөөлөх төслүүд хэлэлцүүлгийн явцад өөрчлөлтүүд орж байна. Үрийн буудай нэмж авах талаар өөрчлөлт орсон уу?

-Ер нь бол 100 мянган тонн хүртлэх улаан буудайг тодорхой хугацаатайгаар нөөцлөх асуудал яригдсан. Үүний тулд НӨАТ, Гаалийн татваруудыг чөлөөлөхөөр анх хуулийн төслийг оруулж ирсэн. Татваруудаас чөлөөлөхөөр гурилын нөөц хомсдосон үед гурилын үнийг барих гэсэн арга юм. Шатахууны үнэ өсөхөд гааль, НӨАТ-аас чөлөөлдөг зарчимтай адилхан. Төслийг хэлэлцэх явцад сайн чанарын үрийн шинэчлэл дээр анхаарч, 20 мянган тонн хүртлэх сайн чанарын үр оруулж ирээч гэсэн санал гарсан.

Үүнийг бас НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх санал гарсан. Татваруудаас чөлөөлснөөс үр, буудай хямд үнээр орж ирээд, өртөг буурна гэсэн үг. 100 мянган тонн хүртлэх гэсэн учраас  хэрэгцээт буудайгаа авсаны дараа Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхөө буцаагаад болиулчих юм. Үүний талаар байнгын хороон дээр байнга мэдээлж байхаар болсон.

-Буудайн нөөц бүрдүүлснээр гурилын үнэ тогтвортой байна гэсэн баталгаа бий юу?

-Монголчуудын гол хэрэглээ болсон гурил, мах. Гурил, махны үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Мах, гурилын үнийн өсөлтөөс болж инфляцид маш их нөлөөлдөг. Өнгөрсөн хугацаанд ч гурилын үнийг барьж ирсэн.

-Татвараас чөлөөлөх хуулийн төслүүдийг дагалдаж “Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах гэж байна. Тогтоолын төслийн гол агуулга нь юу вэ?

-Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн бодлогыг гаргаж, газар тариалангийн чиглэлийг сэргээсэн. Сэргээсэн газар тариалангаа тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Тогтоолын төсөл нь 2014-2024 он хүртэл газар тариалангийн бодлогын  хөтөлбөрийг оруулж ирж байгаа юм. Байнгын хорооноос  тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болж,  хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. 

-Импортын буудайны эхний ээлжийг хэзээнээс оруулж ирэхээр төлөвлөж байна вэ?

-Татваруудаас чөлөөлөх төслийг яаравчлаад байгаа нь одоо буудайн үнэ хямдхан байдаг бөгөөд гуравдугаар сараас үнэ нь өсдөг. Хямд байгаа дээр нь гэрээ хийчихвэл хямдралтайгаар оруулаад ирэх боломжтой болж байгаа юм.