Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл батлагдлаа
2020.04.09

Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. 

Хуулийн төсөлд, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнс буюу улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалт тусгасан байна. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 2-нд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өчигдөр хэлэлцэн зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэжээ.

Ийнхүү Төсвийн байнгын хорооны дэмжсэн гурван зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хугацааг “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд гишүүдийн олонхи дэмжсэн тул хуулийн төсөл батлагдлаа.