2018.10.04

Н.Учрал: Яам бодлогоо барих юмуу? эсвэл худалдан авах газар болох юмуу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн 62 сургуулийн барилгын ажил яагаад эхлэхгүй байгааг асууж, салбарын яамд хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чадамжгүй байна гэдгийг онцлон хэлсэн юм.

Н.УЧРАЛ асуулт асуув

Төсвийг чамбай болсон гэж ойлгож байна. Харин төсөвт төсөв нь суучхаад хийгдэхгүй байгаа ажлыг яах вэ? гэдэг  том асуудал байна. Өнгөрсөн оны төсөв дээр суусан ажлууд тендер сонгон шалгаруулалтаа хийгээгүй улмаас энэ хөрөнгө царцаж байна. Үүнийг хариуцлагыг хэн үүрэх вэ?

Ер нь яамдууд бодлогоо барих юмуу? эсвэл тендер зарлаад сууж байх юмуу? өнгөрсөн жил орон нутагт, нийслэлд, аймагт нь өгнөө гэсэн.

Гэтэл яг бодит байдал дээр сайдууд нь тендерээ хав дараад суучихдаг. Тэгээд үүний цаана юу явагддаг вэ гэхээр Санхүү, хөрөнгө оруулалтын дарга, худалдан авахын дарга гэсэн хэдэн нөхдүүд суучихаад, ажлаа хийж чадахгүй, уядаг.

Манай тойрог дээр гурван ээлжээр хичээллэж байгаа, 5000 шахуу хүүхэдтэй 62 сургууль хохироод сууж байна шүү Боловсролын сайдаа.

Өнөөдрийн хүртэл энэ тендерийн ажил зарлагдахгүй байсаар одоо яах вэ гээд танай хэдэн ажилтан сууж байна.

Танай тэр ажилчдыг ажиллаж чадахгүй байна гэж би хэлмээр байна. Яагаад би энд бухимдаж байна вэ гэхээр гурван ээлжээр хичээллэж байгаа, 5000 хүүхдийн асуудал энд яригдаж байна. Энэ бол том асуудал шүү.

Яагаад төсөв нь батлагдчихсан байхад нэгдүгээр сард тендерийг нь зарлаад  ажлыг нь эхлүүлж болдоггүй юм бэ. Та нар чадахгүй юм бол ажлыг нь нийслэл, дүүрэгт нь өг л дөө. Бүгдийг нь хав дараад суучихдаг.

Өнөөдөр 10 сар болж байхад асуудал шийдэгдээгүй байна. Урдуур хойгуур нь гүйж байгаад гэр хороололд ганц цэцэрлэг бариулах гэж төсвийг нь тавиулсан. Энэ ажил хийгдээгүй байна. Ингээд энэ мөнгө төсөвт царцах гэж байна. Салбарын бодлого хариуцаж байгаа яам бодлогоо барих юмуу, худалдан авах газар болох юмуу, эсвэл бүгдээрээ нийлж байгаад тендер зарлах юмуу. Мянга сайхан төсөв тавиулаад, ажил явахгүй байна гэдэг хамгийн харамсалтай байна. Одоо 10 сар болчихлоо, газар шорооны ажил явахгүй шүү дээ. Нөгөө хүүхэд бүрт цэцэрлэг, сургууль гэдэг том хөтөлбөрийн чинь ажил хэрэгжихгүй боллоо шүү дээ. Ер нь хөрөнгө оруулалтын ажил хэдэн хувьтай байна? Дараа жил ийм асуудал гарах уу? Салбарын яам бодлогын яам байх юмуу? тендерийн яам байх юмуу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

-2018 оны 09 сарын 27 байдлаар 597 төсөл дээр гүйцэтгэгчийн сонгох тендер зарлагдсан. Үүнээс 556 буюу 93 хувь дээр нь тендерийн сонгон шалгаруулалт хийж, 503 буюу 79 хувь дээр нь гэрээ байгуулсан байна. Ер нь Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ хөрөнгө оруулалт, тендерийн асуудлыг Засгийн газрын хурал бүр дээр ярьж, шахаж ажиллаж байсан. Ингэхээр тодорхой хэмжээний хүндрэлүүд байна. Зураг төсөлгүй, газрын асуудал шийдэгдээгүй гэх мэт хүндрэлүүд байсан. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын санхүүжилт 37.3 хувьтай байна. Өнгөрсөн жил 30 гаруй хувьтай гарсан. Сангийн яам материал нь ирсэн бол 48 цагийн дотор бүх санхүүжилтийг гаргаж байгаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хариулав

Боловсролын яаманд энэ жил 273 ажил хувилагдсан. Эдгээрээс бодит шалтгааны улмаас хойшлогдож байгаа ажлын дотор таны ярьж буй ажил орж байгаа. Яг сая Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэн шиг төлөвлөхдөө бодит судалгаа дээр тулгуурлаж хийгээгүй, үүнээс төсөвт үнийн дүн дутуу тавигдсан учраас энэ ажил он дамжиж хийхээс өөр аргагүй байдлаар байна.