Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.01) хуралдаан 16 цаг 42 минутад гишүүдийн 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсгээс тогтоолын төсөлд дэд заалт нэмэж, хасах, төслийн заалтыг өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг томьёолол бүрээр санал хураалт явуулав.
Тухайлбал, тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид заасан журмыг мөрдөж ажиллах” гэж “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутагдсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, “хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан хөрөнгийг хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг дэмжих, гэр бүлийн орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, олон нийтийн үйл ажиллагаа дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр зарцуулах” гэсэн дэд заалт нэмэх санал тус тус дэмжигдэв. Мөн тогтоолын төслийн нэг дэх заалтын 1,2,3 дахь дэд заалтыг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт хөдөө аж ахуйн экспортыг дэмжих талаар санал хүргүүлснийг танилцуулж тогтоолын төсөлд “экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа УИХ-д танилцуулах” гэсэн Засгийн газарт чиглэл өгсөн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.