2018.10.18
Ж.Мөнхбат: Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг нь хойшлуулахгүй байж болох уу?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
“Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулна гэдэг асуудал хуульчлан батлагдсан. Ирэх оны эхнээс хэрэгжинэ. Гэтэл өнөөдрийн хуулийн төслөөр 2020 оны 1-р сарын 1-ээс хэрэгжихээр болж хойшлуулсан байна. Энэ хугацааг наашлуулах боломж байгаа юу? Эсвэл хэвээр нь үлдээх. Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудал үүсч байгаа. Энэ боломжийг нь 2019 оны эхнээс хийгээд тэтгэвэрт гаргах асуудлыг нь ядаж хойшлуулж болохгүй юм уу? Малчид энэ шийдлийг ихээр хүсэн хүлээж байгаа зүйл шүү. Мөн Монголын бүх ээж, эмэгтэйчүүд хүлээж байгаа зүйл бол гаргасан хүүхдийн тоогоор улсад 1,5 жилээр ажилласанд тооцно гэсэн шийдвэр. Энэ бас хойшилж байна. Ядаж энэ шийдвэрээ 2019 оны 6-р сараас хэрэгжүүлж болохгүй юм уу?”
Энэ тухай Сангийн сайд хариу тайлбар өглөө.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
“Яг ийм арга хэмжээг 2010 онд авч байсан юм билээ. 2012, 2013 онд мөнгийг төлүүлсэн. 37 тэрбум төгрөг төлсөн. 2014-2017 онд мөнгө олгосон. Ингэхэд 302 тэрбум төгрөг гарсан. ОУВС-ийн хөтөлбөрт ороход Монгол Улсын Нийгмийн даатгалын сангийн алдагдал өндөр байна. Алдагдал нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байхаар тохирсон. Нийгмийн даатгал төлж байгаа иргэд тэр мөнгөө төлсөн хүн аваад явах ёстой байдал алдагдлаас үүдэн өөр хүмүүсийн тэтгэвэрт урьдчилан төлөөд байгааг буруу гэж үзсэн. Ингэхээр алдагдал нэмэгдсээр байх юм. Алдагдал арилгах бодлогын баримт бичиг байхгүй учраас ийм арга хэмжээ авч байгаа юм.”
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуулттай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нэмэлт тайлбар хийсэн юм.