Ч.Улаан: 2020-2024 онд Монгол улс өрийн ОРГИЛ ачаалалын жилүүд байх болно
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан санал хэллээ.
Жил болгоны төсөв өөрийн гэсэн онцлогтой байдаг. Ирэх оны төсөв их хариуцлагатай төсөл байгаа гэдэгт найдаж байгаа. Яагаад гэвэл ОУВС-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө үр дүн баталгаажуулж, цаашдын өсөлтийн баттай суурийг тавих, ийм хариуцлагатай жил.
Тийм учраас энэ хөтөлбөрийнхөө зорилтыг ханган биелүүлэх учиртай. Ер нь цаашдаа ОУВС, ОУ Хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага нэн шаардлагатай байгаа. 2020-2024 онд Монгол улс өрийн оргил ачаалалтай жил байна. Энэ жилүүдэд ОУВС, ОУ байгууллагуудтай хамтран ажиллахаас аргагүй. Тийм учраас төсвөө, хөтөлбөрөө ч онцгой анхаарах ёстой. Тодорхой асуудлуудыг хэлэлцүүлгийн явцад яръя.
Бодлогын түвшинд нэг л асуудлыг анхаарах ёстой гэж хэлмээр байна. Энэ бол хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудал юм. Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ гэж Сангийн яам тусгасан.
Тийм бол ирэх оны хөрөнгө оруулалтыг авч үзье. Ирэх онд 877 төсөл арга хэмжээ, 2.5 их наяд төсөвт өртөгтэй хэрэгжинэ. Үүнээс санхүүжүүлэгч үнэ нь 1.2 их наяд байгаа. Энэ арга хэмжээний 40 хувь нь шилжиж байгаа объектод төвлөрч байгаа, үлдсэн 60 хувь нь шинээр эхэлж байгаа объектод төвлөрсөн байна.
Шинээр эхлэх гэж байгаа 512 объектын 71 хувь нь зураг төсөвгүй обьект байна. Өөрөөр хэлбэл төсвийн хууль зөрчиж орж ирсэн. Бид ингэж нэг хуулиар нөгөө хуулиа зөрчиж орж ирсэнээр ямар үр дагавартай вэ гэхээр дуусаагүй үлдэх объектын тоог нэмнэ, алсдаа эдийн засагт дарамт болно. Тэгээд өр төлөлттэй давхцахаар дааж, давшгүй ачаа болно