Ж.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн хоригт хуулийн зөрчил олон байна
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын 2019 оны төсвийн тухай хуульд өнгөрсөн долоо хоногт бүхэлд нь хориг тавьсан. Ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд хүлээж авахаас татгалзсан. Үүний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд мөн дэмжээгүй юм.
Гишүүдийн зүгээс төсөвт тавьсан хоригтой холбогдуулан олон талын байр суурийг илэрхийлж байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригт хуулийн зөрчил олон байгааг хэлж байв.
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн хоригт алдагдал, орлогоо буруулах, зардлаа хасах, Аж үйлдвэрийн парк байгуулах төсвийг нэмэх, өмнө тавьсан өрийг төлөх валютын хуримтлал бий болгох ёстой гэсэнд логик, уялдаа холбоогүй зүйл олон байна. Хэрвээ би орлогоо буруулбал алдагдлаа яаж буруулах юм. Нэг талдаа зардлаа нэмэх гээд нөгөө талдаа орлогоо буруул гээд байдаг. Гэтэл давхар орлогоо буруул гээд байгаа нь энэ хоригт маг олон тодорхойгүй зүйл байгааг харуулж байна. Бид үйлдвэрлэлээ хөгжүүлж, улс орны эдийн засгийг сайжруулах ёстой. Үүнд Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан хориг хуулийн зөрчил олон байна. Эдийн засаг, төсөв, санхүүгийн талаас ч маш олон зөрчил байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар сайн хуультай бол. Мөн төсөв, санхүү, эдийн засгийн мэдлэгтэй хүнтэй бол гэж хэлье" гэв. Ийнхүү ирэх ны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг ойлгомжгүй зүйл олон байгааг гишүүд хэлж байгаа юм.