2018.10.25

М.Билэгт: Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэх бодлогоо дахин харах шаардлагатай

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Би малчдад тэтгэвэр олгох хугацааг хойшлуулахын эсрэг санал гаргаад байгаа юм. Төрийн бодлогын алдаанаас болж өнөөдөр малчин болсон иргэд өнөөдөр тэтгэвэрт гарах насанд очоод байна. 1990-ээд онд идэх хоолоо арай хийн олж, гэр бүлээ тэжээж явсан залуус өнөөдөр тэтгэвэрт гарах гэж нийгмийн даатгалаа нөхөн төлөх гээд хүлээж байна. Тэдний боломжийг битгий хаагаач ээ. 2019 оны 10-р сарын 1-ээс хэрэгжихээр хугацаа зааж оруулж ирсэн байна. Яг цагаа тулахаар бас л хойшлуулъя гэх байх. Сангийн яам иргэдийн нийгмийн халамж, хамгааллыг хасч байхаар орлогоо яаж бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаач ээ. Бусад улс орнуудыг харж үлгэр авмаар байна. Ганцхан бид газраа ухаад хэзээ яаж хөгжих юм бэ?“