2018.10.25

Л.Болд: Гэр хорооллын асуудлыг шийдэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвтөө оруул

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах ёстой ч зарим гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:
"Төсөв хэлэлцэх нь нэн чухал асуудал мөн. Гэхдээ төсвийн хүрээнд гэр хорооллын утаа, агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон том асуудлууд бидний өмнө гарч ирж, дахин анхаарлын төвд орж байна. Гэтэл улсын нэгдсэн төсөвт энэ асуудлын шийдлийн хөрөнгө оруулалт байхгүй байна.
Яг утааны үеэр сандарч гүйдэг хэрнээ төсөв хэлэлцэх үед зорилтоо биелүүлдэггүй. Засгийн газрыг үндсэн чиглэл өгөөд явуулдаг ч тэр нь биелэгддэггүй. Одоо нэгдсэн төсвийн хоёрдахь хэлэлцүүлэг хийгдэх юм бол бид дээрх асуудлуудаар ямар нэг өөрчлөлт оруулж чадахгүй болно. Тиймээс өнөөдөр төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулмаар байна.
Төсөвт ямар нэг тендэр, шалгаруулалт, төсвийн захирагч нарт өгөх мөнгө нь яригддаг хэрнээ яг ард иргэдийн амьдрах орчин, нийгмийн асуудлуудыг шийдсэн хөрөнгө оруулалтууд байхгүй байна. Гэр хорооллын хөдөлгөөнийхөн олон хөрс, ус, агаарын бохирдлыг хэрхэн шийдэх гарцыг гаргасан байна. Гэтэл тэднийг сонсоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь шийдээд өгчих л дөө. Зүгээр улс төр, мөнгө цавчих гэсэн, төрийг илбэдэх гэсэн төсвийг батлахаа хойшлуулаач ээ."