2018.11.02
Ч.Улаан: Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг УИХ сайжруулж чадсан уу?
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
“ Төсвийн байнгын хороо бол мэргэжлийн байнгын хороо. Тиймээс Төсвийн байнгын хорооноос дараах асуултуудыг асуумаар байна.
1. Гадаад зээлийн ашиглалтыг 130-аад тэрбум төгрөгөөр багасгаж байна. Ямар шалтгаанаар багасгасан бэ? Нөлөөлөл нь юу вэ? Энэ л ханшаа тогтвортой барих арга юм шүү дээ.
2. Төсвийн үзүүлэлтийг сайжруулах боломж байсан уу?
3. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлнэ гэж төсөлд оруулсан байна. Үүнийг төсвийн байнгын хороо илүү сайжруулах тал дээр хэрхэн ажилласан бэ?
4. Орон нутгийн хөгжлийг жигд байлгах, төсөв хөрөнгө оруулалтыг жигд хуваарилах тал дээр төсвийн байнгын хороо анхаарч ажилласан уу? Сонгуулийн хуульд байгаа гажуудлыг төсвийн хуулиараа засч чадсан уу? Аймгуудын хооронд ялгавар гарч байсныг анхаарч авч үзээгүй байна. Үүний шалтгаан юу вэ? Зарим нь бүр дахин нугарсан төсөв явж байна. Зэргэлдээ 3 аймгийг харьцуулаад үзэхээр хуваарилагдаж байгаа төсөв нь 3 өөр байна.” зэрэг асуулт асуулаа.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариулт өглөө.