Н.Наранбаатар: Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм биш биз
УИХ-ын 2022.10.27-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Авлигатай тэмцэх газарт хөрөнгө оруулалтын мэдүүлгээ гаргаж өгдөг төрийн албан хаагчид зээл авахыг хориглосон ийм л зүйл байна. Энэ амьдралд хэр нийцэх бол оо. Хөдөө орон нутагт үнийн өсөлт, төрийн албан хаагчийн цалинтай харьцуулахад хэд дахин илүү болоод явчихлаа. Тиймээс төрийн албан хаагчид зээлээс зээлийн хооронд л амьдарч байна.
Төрийн албан хаагчдын хамаарал бүхий этгээдүүд, гэр бүл, үр хүүхдүүд нь жижиг, дунд бизнес эрхэлдэг зөндөө айл өрхүүд бий. Энэ улсууд маань үйл ажиллагаагаа явуулах, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд зайлшгүй ипотекийн зээлээс бусад зээлүүдийг авч л таарна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид сард 600 мянган төгрөг, жилийн 6-7 сая, үүнээс 80% нь хэтрэхгүй гэхээр 4-5 саяаас хэтрэхгүй ийм хэмжээний зээлийг хориглочихоор цаашаа яаж амьдрах вэ? Энэ хууль орон нутагт амьдрал дээр яаж хөрсөн дээр бууж очих бол. Хүмүүсийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг хууль санаачлагч яаж судалсан бэ?
Үндсэн хуульд хүмүүсийг ажил, мэргэжлээр нь ялгаварлахгүй гэж заасан мөртлөө төрд байгаа бол зээл авч болохгүй, төрд байхгүй бол авч болно гэдэг эсвэл хамаарал бүхий этгээд төрд байгаа бол чи зээл авч болохгүй гэж төрд ажиллаж байгаа улсуудын ар гэрийг яллах, хавчих, ялгаварлах маягтай ийм л санаа орчихсон юм болов уу. Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм биш биз.
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хариуллаа.