2016.11.11

Төрийн алба хаагчид оффшорт данстай байхыг хориглох хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, оффшорын тухай хууль бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлснээр дээрх төсөлд “Хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлдэг төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, аж ахуй эрхлэхийг хуулиар хориглож байгаа юм.

Энэ хуулийн талаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан гадаадад данс эзэмших асуудлыг зохицуулсан зохицуулалт байхгүй. Төрд ажиллаж байгаа албан хаагчид хуулийн дагуу үйлдэл гаргаж байгаа мэт харагдаж байгаа болохоор энэ хуулийн төсөл ач холбогдолтой. Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс бусдын төлөө ажиллах гэж байгаа бол эрхээ тодорхой хэмжээгээр хязгаарлуулж ажиллах ёстой” гэсэн юм.

Ийнхүү Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 64.8 хувь нь хэлэлцэх ёстой гэж үзээд дэмжив. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.