Хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг өнгөрөгч нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-аас баталсан билээ.
Уг хуулиар бол хэрэгжих хугацааг ирэх долдугаар сарын нэгэн хэмээн заасан байсан юм. Харин хууль батлагдсаны дараа Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчилсэн хориг тавьж, хэрэгжих хугацааг нааш татах буюу тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих шаардлагатай хэмээсэн юм. Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрөгч гуравдугаар сарын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэн билээ. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 20-иод хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх гэж байна.
Хуульд зааснаар "ашиг сонирхлын зөрчил" гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхолтой зөрчилдүүлэх явцыг хэлж байгаа юм байна. Түүнчлэн нийтийн албан тушаалтан албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг илэрхийлж байгаа ажээ.
Уг хуулийн товч агуулга нь төрийн албан хаагч АТГ-т жил бүр өгдөг хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлахад оршиж байгаа юм. Тодруулбал, өнөөдөр манайд мөрдөгдөж байгаа Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр дээд албан тушаалтнаас авахуулаад төрийн албанд ажилладаг бүх этгээд хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр өгч байгаа. Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь уг үйл ажиллагааны үргэлжлэл гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь Авлигын эсрэг хуулиар төрийн албан тушаалтан нь хөрөнгө орлогоо зөвхөн мэдүүлээд болчихдог байсан бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр мэдүүлэгтээ заасан хөрөнгөө хэрхэн, ямар байдлаар олсон талаараа дэлгэрэнгүй тайлбарыг давхар өгөхөөр болж байгаа юм. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол Эрүүгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулахаар тус хуульд заажээ.
Харин дэлгэрэнгүйгээр нь хэлбэл, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, уг хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулж байгаа юм.
Таван бүлэг, 30 зүйлтэй уг хуулийн нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл болон нэр томъёоны тайлбар сэлтийг багтаасан байгаа бол хоёрдугаар бүлэгт ашигт сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хөндсөн байгаа юм. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хүлээх үүрэг, ашиг сонирхлын зөрчлөө тайлбарлах, мэдэгдэх тухай заажээ.
Энэ нь тухайн албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн хийх гэж буй ажилдаа ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй гэдгээ мэдэгдсэний дараа нийтийн албаны ажил эрхлэх юм.
Харин гуравдугаар бүлэг буюу албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт хэсгийн эхэнд "албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно" хэмээн заасан байгаа юм.
Энэ бүлэгт байгаа өөр нэг хориглолт бол тухайн албан тушаалтан өөртэйгээ ашиг сонирхол нэгтэй байсан этгээдтэй холбоотой харилцаагаа дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн үйл ажиллагаатай холбоотой тогтоол, шийдвэр гаргахыг хориглож байгаа аж.
Авлигын эсрэг хуульд төрийн албан хаагчийн бэлэг авах асуудлыг зохицуулсан байдаг. Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд энэ талаар илүү нарийвчлалтай заажээ. Тухайлбал, гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ нь тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний хөлс нь тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй байхаар хуульчилж байгаа юм байна.
Харин дээрх бэлэг, үйлчилгээний хөлс нь зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг нь төрийн өмчид шууд шилжүүлж байхаар заажээ.
Төрийн албан тушаалтны өөр нэг хязгаарлалт нь албан үүргээ хүлээлгэж өгснөөсөө хойш зарим ажлыг эрхлэхийг хориглож байгаа юм байна. Тодруулбал, албан үүргээ өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд ажлаа гүйцэтгэж байсан аж ахуй нэгж, байгууллагад ажиллахыг хориглож байгаа аж.
Дээр хэлсэн болон хуульд заасан бусад зүйл заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг уг хуулийн тавдугаар бүлэгт заажээ. Ингэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан эд хөрөнгийн талаарх мэдээллээ тайлбарлаж чадаагүй албан тушаалтан хөрөнгийнхөө үнийн дүнгээс хамаарч захиргааны, сахилгын, эрүүгийн хариуцлага хүлээх юм байна.
Тухайлбал, 14 саяас бага үнийн дүнтэй хөрөнгийг хууль бусаар олсон бол Захиргааны хариуцлагын дагуу торгууль ногдуулах, 14-24 сая хүртэлх төгрөгийн орлогоо тайлбарлаж чадахгүй бол Эрүүгийн хуулийн дагуу гурав хүртэлх жилийн ялтай зүйл ангийн дагуу шийтгэл хүлээх аж.
Харин 24 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй орлогыг хууль бусаар олсон байвал 5-8 жил хорих ял оноохоор хуульд тусгажээ.
Нийтлэлч
Т.Гэрэлмаа
Эх сурвалж
Өдрийн сонин