Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн төслүүдийн нэр томьёог анхаарах хэрэгтэй болжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн нэр томьёог оновчгүй тодорхойлсноор хуулийн үйлчлэх хүрээ томрох эсвэл алдаа гардаг талаар тайлбарласан юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Ер нь аливаа хуулийн төсөлд нэр томьёо, агуулгын хувьд цэгцлэх шаардлага их гарч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хэлж байгаачлан, хууль олон шаттай хэрэгжих томьёоллын дагуу уг хуулийн төслийг дэмжиж байна.
“Public administration” гэсэн ойлголтыг зарим газар төрийн алба гэж орчуулдаг, зарим газар нийтийн алба гэж орчуулдаг. Үүнээс болж, төрийн алба, нийтийн алба гэдэг хоёр ойлголт нь агуулгын хол зөрүүтэй юм шиг ойлгогдож, нэр томьёоны тухайд иргэний нийгмийн байгууллага, хуульчид хоёр тал болж маргадаг.
Үүнтэй адил, “offshore zone” гэдэг нь эргийн гадна, хилийн чанад дахь данс гэж нэг орчуулагддаг бол уг хуулийн төсөлд “Гадаад улсын нутаг дэвсгэрт” гэж томьёолсон байна. Хэрэв энэ томьёоллоороо батлагдвал гадаад улсад данс эзэмшиж байсан хүний хүүхэд гадаадад сурах эрхгүй болж, хуулийн үйлчлэл улам томрохоор байна.
Оффшор бүс гэдэг бол татварын хөнгөлөлт эдэлж буй тусгай бүс нутаг, тодорхой улс орнуудад байдаг санхүүгийн төв шүү дээ. Энэ мэт нэг нэр томьёо гэлтгүй цаана агуулгын зөрчил үүсгэх нь бий. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудал хэлэлцэж байх үеэр “бараа үйлчилгээ нийлүүлнэ” гэсэн гурван үг байхгүйгээс болж, хариуцлага хүлээж болзошгүй нөхцөл байдал үүсч байлаа. Тиймээс хуулийн төслийг томьёолж, гаргахдаа нарийн шүүлтүүртэй хандах ёстой.