УИХ-ын чуулганы /2023,05,04/-ний өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Миний бие Ерөнхий сайдын санаачилсан уг хуулийг дэмжиж байгаа юм. Захын хайлтаас манай улс төрийнхний эрх мэдэлтнүүдийн төрийн алба хамгийн чухал албан тушаалтнуудад мөчирлөн томилогдсон ургийн модны төгс төгөлдөр загварыг бид харсаар, нийгэм жигшсээр удсан. Үүнийг халахын тулд уг хуулийг оруулж ирж байна гэж ойлгож буй. Энэ агуулгаар нь дэмжиж байгаа юм.
Байнгын хороон дээр хэлэлцэх үед хүний эрхийн асуудлыг анхаарах ёстой гэж үзэж байна. Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажуулсан хүний ажил, мэргэжилээ сонгох эрх зөрчигдөх вий. Цаашлаад шийдэгддэггүй маргаан, хэрэгждэггүй хууль болох вий гэдэг дээр хууль санаачлагч болон байнгын хороо анхаарах шаардлагатай.
Чуулганы завсарлагааны хугацаанд миний бие Сэлэнгэ аймагт ажиллаад, ард иргэдтэйгээ уулзаад ирсэн. Нийтлэг хэд хэдэн асуудал тавьж байгаагийн хамгийн чухал асуудал нь төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байхыг хатуу шаардсан. Миний хувьд ёс зүй бол хувь хүн, улс төрчийн өөртөө бий болгох сонгодог засаглал гэж ойлгодог. Мэдээлэл, эрх мэдэлд ойр шударга бус томилгоо, ар өврийн хаалганы дэвшүүлэлтийг төрийн эрх мэдэлтнүүд өөрсдөө хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд мэдээлэлд ойр хүмүүс боломжийг илүү хүртэж ирсэн гэдэг нь Б.Энхбаяр гишүүний хийсэн нээлттэй сонсголын үеэр тодорхой харагдсан. Хөгжлийн банк, ЖДҮ-г хөгжүүлэх сан, нүүрс гээд ард түмний өмч, баялгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг цөлмөсөн бүх асуудалд улс төрд нөлөө бүхий этгээдүүд холбогдож, ёс зүйгээс хальж, энэ нь өөрөө гэмт хэргийн бүлэг, дээрмийн шинжтэй болж ирсэн.
Эдгээрээс шалтгаалан улс орны хөгжил ухарч байна. Олон нийтийн төрд итгэх итгэл үгүй болсон. Өөрсдөө шударга бусыг хийчихээд ард түмнээс шударга ёс, тэгш эрхийг нэхэх нь боломжгүй.