Хуульд нэмэлт, өөрчлөлт
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын эдийн засгийг сэргээх, тэлэх, эрчимжүүлэх үүднээс төрөөс хувийн хэвшлийг дэмжих зорилгоор төсөл, зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээл, тусламжийг олгож байгаа билээ. Гэвч энэхүү төсөл, зорилтот хөтөлбөр, зээл, тусламжийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, түүнчлэн өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулах ёс зүйгүй асуудал гарч байгаа талаар олон нийтийн зүгээс шүүмжлэл их дагуулж байна.
Тухайлбал, иргэд, олон нийтийн зүгээс Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “нүүрсний хулгай” гэх зэрэг асуудалтай холбоотойгоор үзэл бодол, шүүмжлэлээ илэрхийлсээр байна. Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлагыг эрс нэмэгдүүлж, төрд итгэх иргэдийн итгэл бууруулахад хүргээд байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдийг төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, зээл тухайлбал, боловсролын сангийн зээлд хамруулж, иргэдийн сурч боловсрох боломжийг хязгаарлаж байна гэх олон нийтийн хардлага нэмэгдсээр байна. Иймд иргэдийн сурч боловсрох эрхийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нөлөөллөөс ангид, тэгш, хүртээмжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Олон улсын чиг хандлагаас харахад, төрийн албан хаагчийн ёс зүй, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдний хөрөнгө, орлогыг ил тод болгох, хянах, зарим төрлийн хязгаарлалтыг тухайлсан хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулж байгаа туршлагууд байна.
Иймд олон улсын туршлагаас жишиг авч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох талаар зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн зарим зохицуулалтыг хуулийн төсөлд тусган болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгалаа. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ.
Мөн олон улсын туршлагаас жишиг авч, Монгол Улсын онцлогт нийцүүлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээд болон тэдний хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдгээрт хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай гэж үзлээ. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн байхаар тодорхойлсон бөгөөд тэдгээрийн улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох нэмэлтийг тусгажээ.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицууллаа. Түүнчлэн эдгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээд болон эрх бүхий албан тушаалтанд хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.