2023.05.04

Б.Бат-Эрдэнэ: Хуулийг баталснаар парламентын засаглал сайжирч, авлига үгүй болох боломжтой

УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дэмжиж баяр хүргэж үг хэлье. Парламентад дараалан таван удаа улиран сонгогдож УИХ-д суусан жилүүддээ хуулийн агуулгад багтаж буй асуудлыг тавьсаар ирсэн. Төсөл, тендерээс ангид байж, төр ард түмний нэр барьж авсан зээл бондоос холуур байж, төрийн албыг төрлийн алба болгодог байдлаас татгалзах тухай ярьж, шаардаж ирсэн.
Зарчимтай, жудагтай, авлига ашиг сонирхлоос ангид байх нь Улс орон хөгжиж дэвшихийн баталгаа, төр цэвэр тунгалаг байхын үндэс гэдгийг мэддэг ч төр цэвэр болохыг үзэхгүй нь гэж боддог байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө хуулийн төсөл санаачлаад ороод ирсэн нь сайшаалтай. Улс төрийн ууган хүчин ингэж байж ёс зүйн өндөрлөг дээр бат зогсож дараагийн асуудлаа ярих нь зүйтэй.