Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэв
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан.
Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан гэдгийг тэрбээр илтгэлийнхээ эхэнд дурдав. Гэвч энэ хөрөнгө оруулалтууд зорилтот салбар, бүлэгтээ тэр бүр хүрч чадахгүй, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин, нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдэд олгуулж, энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гарсаар байгаа гэв. Эдгээр зүй бус үйлдлүүдэд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлага нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна хэмээн үзэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх хуулийн төслийг боловсруулсан байна.
Тодруулбал, төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг тусламжид хамрагдахыг хориглосон зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуул асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан. Засгийн газраас ойрын хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлсэн. Эл төслөөр нийтийн албанд улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд аж ахуй эрхлэх болон төрөөс авах дэмжлэг туслалцаатай холбоотой хязгаарлалтуудыг тодорхой болгох юм байна. Ш.Адьшаа гишүүний өргөн мэдүүлсэн, хэлэлцэж буй төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Засгийн газрын дээрх төсөлтэй нэгтгэн хэлэлцэх боломжтой эсэхийг Х.Нямбаатар сайд лавлав. Төсөл санаачлагч Ш.Адьшаа гишүүн татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийллээ. Улс төрд нөлөө бүхий этгээдийн үйл ажиллагаатай холбоотой хориглолт, хязгаарлалтдаа тодорхой заагийг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Тодруулбал, 1990-ээд оны өмч хувьчлалын үеэрх цэнхэр, ягаан тасалбараар эзэмшсэн, бага хэмжээний хувьцааг нь улс төрд нөлөө бүхий этгээд эзэмшиж байгаагаас үүдэн тухайн аж ахуйн нэгж зээл, урамшуулал, төрөөс явуулж буй аливаа арга хэмжээ, хөтөлбөрт оролцох боломжгүй болох эрсдэлтэйг сануулж байв. Мөн хамаарал бүхий этгээд гэсэн хязгаарлалтаа дээрх шалтгааны улмаас нэн тодорхой болгох шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв