2023.07.25

Монголын төр, иргэд бурууд хатуу байж, хөгжлөөс хойш чангаагчдад хариуцлага тооцно

Монгол Улсын хөгжлийн төлөө зарцуулагдах байсан хөрөнгө мөнгийг улс төрд нөлөө бүхий хүмүүс эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээдийг төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, зээл, боловсролын сангийн зээлд хамруулж, иргэдийн сурч боловсрох боломжийг хязгаарласан нь нийгэмд ихээхэн бухимдал үүсгэсэн.

Иймд иргэдийн сурч боловсрох эрхийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нөлөөллөөс ангид, тэгш, хүртээмжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага үүсээд буй.

Олон улсын чиг хандлагаас харахад, төрийн албан хаагчийн ёс зүй, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдний хөрөнгө, орлогыг ил тод болгох, хянах, зарим төрлийн хязгаарлалтыг тухайлсан хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулдаг байна.

АТГ-т 2022 онд нийтдээ 653 өргөдөл, ирсний 112 нь албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэх агуулгатай байв.

Монголын төр, иргэд бурууд хатуу байж хөгжлөөс хойш чангаагчдад хатуу хариуцлага тооцон хар цагаан, гэм зэмийг дэнслэх өргөн ойлголтын хүрээнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүлж, 2023 оны хаврын чуулганаар эцэслэн батлагдав.

АТГ-т 2022 онд 1520 авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгагдсаны 1011 нь төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байсан бөгөөд үүнд 1184 албан тушаалтан холбогдов.
Хуулийн төсөлд шинээр болон шинэчлэн оруулсан онцлох зохицуулалтуудаас дурдвал:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгав.

Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгав.

Мөн олон улсын туршлагаас жишиг авч, Монгол Улсын онцлогт нийцүүлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээд болон тэдний хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдгээрт хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай гэж үзэв.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв:

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- 76 гишүүн бүгд хулгайч биш, харин үүн дотор цөөн хэдэн хулгайч бий. Тэдгээрийг илт тод болгохын тулд энэ хуулийг эргэж үйлчлүүлмээр байна. Зарим хүний сурч боловсрох эрхийг хязгаарлах вий. Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхэд гэхээр л сурч боловсрох эрх ээ хязгаарлуулдаг байж болохгүй. Үүнийг эргэн харах нь зүйтэй. УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигладаг байж хэрхэвч болохгүй. Үүнээс болж ард түмний итгэл алдарч байна. Хэлсэн үг өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:


- Төрийн алба, улс төрд хүмүүс яагаад орох гээд байгаа юм, мэдээлэлд ойр, ашигтай учраас энэ албанд хүмүүс хошуураад байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Гэхдээ төрийн албан хаагч бүр, улс төрч хүн бүр авлига авдаг, албан тушаалаа буруугаар ашигладаг биш ээ. Гишүүн бүр төрийн санг тоноод байгаа юм биш. Барууны зарим оронд гишүүд нь гудамжинд явж байхад хүмүүс таньдаггүй. 300 гаруй гишүүд байдаг, хэн ч танихгүй, жирийн нэг ард түмний төлөөлөл байдаг. Харин өнөөдөр манай гишүүдийн талаар иргэд өөрөөр хардаг.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

- Авлигатай холбоотой, албан тушаалаа ашигладаг, улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрсдийн хамаарал бүхий улсуудаараа дамжуулан давуу эрх эдэлдэг байдаг газар авчихсан. Яг энэ чиглэлээр хууль гарахыг дэмжиж байгаа. 

Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн байхаар тодорхойлсон бөгөөд тэдгээрийн улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгав.

Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох нэмэлтийг тусгав.

Түүнчлэн, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицуулжээ. Түүнчлэн эдгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээд болон эрх бүхий албан тушаалтанд хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав.