УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.04.07

Л.Мөнхбаатар: Одоо алба хашиж байгаа төрийн албан тушаалтнуудад энэ хууль хэрхэн үйлчлэх вэ

УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийг хэлэлцлээ. 

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглохтой холбоотой асуудлыг зохицуулах гэж байгаа билээ. Засгийн газраас өргөн барьсан тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн 10 сараас эхлэн хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-аас хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Төрийн албан хаагч болно гэдэг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээж байгаа. Эрх эдэлнэ мөн тодорхой эрхээ хязгаарлуулж болно. Тийм учраас энэ зохицуулалт их чухал юм. Үүн дээр хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгт төслийн 10,1 дүгээр зүйлд нийтлэг хэм хэмжээг тогтоосон заалт байна.

Тэгэхээр энэ заалт хууль батлагдахаас өмнө томилогдсон албан тушаалтнуудад хамаарахаар харагдаад байна. Тийм учраас одоо алба хашиж байгаа төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг хэрхэн хамаарах вэ? яг одоо томилогдсон албан тушаалтнуудын хувьд тодорхойгүй байгаа учир хуулийн хэрэгжилтийг нэг бүрчлэн хангуулах үүднээс дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргах ёстой гэж бодож байна. Ингэж байж илүү тодорхой болно. Одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудын хувьд гадаад улсад банкны данс эзэмшдэг бол түүнийгээ хаах, хуулийн этгээд үүсэн байгуулсан бол түүнийгээ зарах, шилжүүлэх гэх мэт үүрэгтэй. Үүнийг биелүүлэхгүй бол албан тушаалаасаа татгалзах ёстой гэж тусгах хэрэгтэй.