2023.01.13
Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан хуультай хамтатган хэлэлцэх боломжтой юу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.13\ нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Та бүхэндээ үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг хүргэж байна. Ш.Адьшаа гишүүний санаачилсан хуулийн төслийг дэмжиж байна. 2006, 2007 оноос хойш хэд хэдэн парламентын бүрэн эрхийн хугацаанд энэ асуудлыг тавьж байсан цөөн хүний нэг нь би. Төрийн албыг төрлийн алба болгодог, төрийн өндөр албан тушаал нь улс төрийн нөлөөлөл болоод төрийн баталгаа гаргасан зээл, тендер, концесс элдвийн юманд оролцож болохгүй. УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс манлайлал үзүүлэн ажиллах ёстой. Үе үеийн парламентын дарга, ерөнхий сайд үүн дээр анхааралгүй явж ирсэн. Харин 2016 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үүн дээр анхаарч, санаачилгатай ажиллах байр суурьтай байгаа.
Г.Занданшатарын тэргүүлэн ажиллаж байгаа УИХ ч гэсэн санаачилгатай ажиллаж буйд талархалтай байна. Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн хүрээнд төрийн баталгаа гаргасан зээл, төрийн дэмжлэгээр хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авдаг байдлыг халах хуулийн төсөл хэмээн гэж харж байна. Төрийн албыг төрлийн алба болгодог, хамаарал бүхий хүмүүсээ төрийн өмчийн компаниас чөлөөлөх тухай, цаашилбал төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх тухай гээд өргөн хүрээтэй хуулийн төсөл боловсруулагдаж байгаа.
Засгийн газрын өргөн барьж байгаа хуультай хэлэлцүүлээд хамтатгаад явах боломж байна уу гэдгийг хууль санаачлагчаас асуумаар байна.
Нөгөө талаар бид улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж олон жил ярьсан. Улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн манлайлал, шударга байхтай холбоотой асуудлыг хүн бүр ярьж байгаа нь сайшаалтай.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хариулт өглөө.