Ж.Энхбаяр: Н.Батбаяр сайдыг огцорвол хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүй
Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд юу ярьсныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Ер нь бид яах гэж ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаа юм. Батбаяр сайд Монгол Улс сайн сайхан эдийн засагтай байна гэж ярилаа. Тэгвэл яах гэж биднийг цуглуулж, ээлжит бус чуулган хийж байгаа юм. Түрүүнд Урт нэртэй хуулийг хэлэлцэж байхад “Монгол Улс алтаа ухахгүй бол өнгөрлөө” гэж баахан хашгирсан. Та наад хандлагаа өөрчлөөч ээ.
Төсөв эдийн засаг хүндэрч байна. Монголын нийгэм, эдийн засгийн асуудлаар УИХ-аас гаргасан ажлын хэсэг судалгаа хийгээд түүнийгээ УИХ-д танилцуулахад бэлэн болчихоод байхад яагаад сонсохгүй байгаа юм. Одоо үүнийг л ярих цаг шүү дээ. Монголын нийгэм, эдийн засгийн асуудал ямар болчихсон талаар эхлээд Засгийн газраас мэдээлэл сонсмоор байна.
Та өмнөх дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт манайд хэрэггүй гэж хамгийн их хашгирсан хүн
Тэгээд оношоо тогтоож байж дараа нь ямар арга хэмжээ авах уу, аль хуулийг өөрчлөх үү гэдгээ ярих ёстой юм биш үү. Гэтэл учиргүй хэдэн хууль өөрчилнө, шинэчилнэ гэж оруулж ирчихээд Монгол Улсыг сайхан байна гээд байх юм. Сайхан байгаа юм бол энэ хуулиудад өөрчлөлт оруулж яах гээд байгаа юм. Алтаа ухах шаардлага байгаа юм уу.
Шууд хэлэхэд Н.Батбаяр сайд таныг огцорлоо гэж мэдэгдэхэд Монголын хөрөнгө оруулалт 20 хувиар нэмэгдэж магадгүй шүү. Та өмнөх дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт манайд хэрэггүй гэж хамгийн их хашгирсан хүн. Гэтэл одоо хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй юм алга гээд яриад сууж байгаа чинь үнэн биз дээ.