О.Баасанхүү: Батлах гэж яараад байгааг нь ойлгохгүй байна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн О.Баасанхүү
2013.09.26

О.Баасанхүү: Батлах гэж яараад байгааг нь ойлгохгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

-Уг хуулийг маш нухацтай хэлэлцэх шаардлагатай. Яагаад батлах гэж ингэж шуурхайлаад байгааг нь ойлгохгүй байна. Учир нь “Оюутолгой”, “Эрдэнэт” зэрэг үндэсний хэмжээний том компаниуд, дээрээс нь олигархиуд энэ хуулиар далимдуулж хуулийн гадна үлдэх магадлал байгаа юм. Тиймээс хэд хэдэн зарчмын шийдэл гаргах ёстой. Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын хууль гэж нэрлэх үү, Татварын тогтворжилтын хууль гэж нэрлэх үү гэдгийг шийдмээр байна. Хөрөнгө оруулалтын хууль гэвэл ямар салбарт хөрөнгө оруулж байгааг нь тодорхойлох ёстой.

Ажлын хэсэг гаргаж, ард түмний саналыг авах ёстой.

Гэтэл уул уурхай л яриад байх юм. Ажлын хэсэг гаргаж, ард түмний саналыг авах ёстой. УИХ дээр одоо ажиллаж байгаа Ажлын хэсэг биш мэдлэгт суурилсан Ажлын хэсэг байх ёстой. Мөн “хөрөнгө оруулалтын тогтворжилтын гэрчилгээ” гэдэг зүйлийг бодох хэрэгтэй.

Тогтворжилтын гэрчилгээ гээчийг авснаар хөрөнгө тогтвортой боллоо гэж үзэх үү. 15 тэрбум төгрөг үнэндээ нэг л байшингийн мөнгө шуу дээ. Тэр гэрчилгээг нь авсан байлаа гэхэд ямар тохиолдолд хүчингүй болгох вэ гэдгийг тусгаагүй. Гэрчилгээний ард хууль бус хөрөнгө хууль ёсны болж харагдах вий гэж болгоомжилж байгаа юм.