”Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол нь татварын орчныг тогтвортой болгох”
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.09.25

”Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол нь татварын орчныг тогтвортой болгох”

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ дахь намын бүлгүүд хуулийн төслийг ерөнхийд нь дэмжчихсэн. Таны хувьд уг хуулийн төсөлд сайжруулах шаардлагатай ямар заалт байна гэж харж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл цаг үеэ олсон гэж хэлж болно. Бараг оройтчихсон гэхэд хилсдэхгүй. Үнэт цаасны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Үүнтэй зэрэгцээд Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль орж ирж байгаа нь их зөв. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан. Энэ бол олон хүний сэтгэл санааг эмзэглүүлж байна.

Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалт гадагшилж буй нь зогсохгүй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтын багассан хувь 42 байсан бол 43 хувь болчихсон байх жишээтэй. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг яаралтай батлаад үр дүнг нь харах хэрэгтэй.

-Эдгээр хуулийн төслүүдийг батлавал хөрөнгө оруулалтын татах үр дүнд хүрэх үү?

-Хуулийн төслүүдийг хэлэлцэж байх үед үр дүн нь мэдрэгдэж байна. Наанадаж ам.долларын ханш буурч байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг маш сайн гаргах хэрэгтэй. Уг хуулийн төслийг гаднаас болон гишүүд ч их шүүмжилж байгаа. Гадна, дотны хөрөнгө оруулалтыг ялгахгүй гэж хуулийн төсөлд тусгасан.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг ялгахгүй гэсэн мөртлөө хөрөнгө оруулалт нь 15 тэрбумаас дээш байх ёстой гээд заачихаар ялгаварласан болж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ?

-15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалтын татварын орчныг нь тогтвортой болгоё гэж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол нь татварын орчныг тогтвортой болгох юм. Энэ утгаараа 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалтад татварын асуудлыг хамруулахаар яриад байгаа.

Манай намын бүлгийн зарим гишүүн бүсчилж, хот, хөдөө, орон нутаг гэж ялгаварлах байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ эхний хэлэлцүүлэг нь явагдаж байгаа юм. Энэ хуулийн төсөлд сайжруулахаар зүйл нэлээд бий.

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэт цаасны тухай хуулийн төслийн араас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг батлах гэж байна. Үүнийг дагаад сан байгуулагдана. Мэргэжлийн хүмүүс бага хөрөнгө оруулагчдын өмнөөс ажилладаг, хариуцлагаа хүлээдэг. Хөгжингүй орнуудын хэмжээнд очих зохицуулалтыг хийж байгаа.

-УИХ дахь Ардын намын бүлгийн зүгээс гурван хуулийн төслийг ээлжит бус чуулганы хуралдаанаар яаран хэлэлцэх шаардлагагүй гэж байгаа. Үнэхээр тийм шаардлага бий юу?

Ээлжит бус чуулган хуралдуулсны зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах.

-Засгийн газрын зүгээс эдгээр хуулийн төслийг нэлээд бодлоготойгоор оруулж байгаа болов уу. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулсны зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлахад оршиж байгаа.

Миний хувьд ээлжит бус чуулганыг харин ч орой хуралдууллаа гэж үздэг гишүүдийн нэг. Эдийн засгийн нөхцөл байдал нэг биш байгааг ойлгож байх үедээ ээлжит бус чуулганы хуралдааныг яаралтай хуралдуулаад хуулийн төслөө батлах байсан юм.

Нэгэнт одоо хэлэлцэж буй хуулийн төслүүдийг татаж, чангаахаас илүүтэй аливаа асуудалд ажил хэрэгчээр хандах хэрэгтэй. Засгийн газрын хүсээд байгааг баталж гаргаад, тодорхой хугацааны дараа ямар үр дүнд хүрэхийг нь харах ёстой юм шүү дээ.

-УИХ-ын гишүүд, эдийн засагчид эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байдалд орсон гэж буй. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлэл өгөх бүртээ “эдийн засаг хүндрээгүй” гэх юм?

-Эдийн засгийг хүнд байна гэж ярьснаараа хүндрэхгүй, бас хүнд болохгүй шүү дээ. Эдийн засаг байдгаараа л байна шүү дээ. Муу бол муу, сайн бол сайн байна. Эдийн засаг ямар байгааг гагцхүү ард түмний амьдралаар хэмжигдэнэ.

Хүмүүсийн идэж байгаа хоол, өмсөж буй хувцас нь ямар байна зэргээс л харагдана. Энэ бүгдээс харахад эдийн засаг сайнгүй байгаа нь харагдаж буй юм. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг яаралтай батлах нь чухал. Эдийн засгийн өнөөгийн байдлын талаар байр сууриа би илэрхийлж байсан.

Юу гэхээр биднээс шалтгаалахгүй нөхцөл үүсээд байна. Хоёр хөрштэйгээ хэл амаа ололцоод явж чадаж байна уу, дэд бүтэц ямар байна гэхчлэн олон асуудал бий. Бид цаг хугацаа их алдаж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс гаргах ёстой шийдвэрээ гаргаад асуудлаа шийдвэрлэх ёстой.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд татварыг хөнгөлөх талаар тусгасан байгаа. Энэ хэр зөв юм бэ. Мөн Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь байхаар тооцсон нь шүүмжлэл дагуулах боллоо?

Алтны худалдаа сүүлдээ далд эдийн засаг болчихсон.

-Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байгаа. Энэ хуулийн төслийг батлах шаардлагатай юу гэвэл тийм. Манай улсад жилдээ хоёр тонн хүртэл алт ордог байсан.

Харин өнөөдрийн байдлаар найман тонн алттай байна. Алтны худалдаа сүүлдээ далд эдийн засаг болчихсон. Үүнийг засаж залруулах эрх нь УИХ-д байна. Тиймдээ ч уг хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байгаа юм.

УИХ Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг сайжруулаад, алтыг Монголбанкинд цуглуулж чадвал ханшийн савлагаа үгүй болно. Валютын нөөцийг бүрдүүлж чадах алт төр засгийн хяналтад орно. Цаашлаад ард түмэнд өгөөжөө өгнө шүү дээ.

-Монголбанк алтыг хангалттай сайн хянаж чадах уу?

-Хуулийн хөшүүрэг, Монголбанкны хяналт, эдийн засгийн урамшуулал бий. Тэгэхээр алт бидний хүссэн үр дүнг өгч чадна гэж харж байгаа.

-Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд “Самурай” бондыг гаргахаар болсон. Ингэснээр эдийн засагт хэр үр дүн авчрах бол?

-Бонд бол өр шүү дээ. Ингэж өр тавихыг би зөв гэж үзэж байгаа. Манай улс шиг баялагтай оронд өр тавих нь тийм ч хүнд биш. Бондын мөнгийг зөв зүйлд зарцуулах нь чухал. Юун түрүүнд мөнгө нь орж ирэх салбарт бондын мөнгийг зарцуулах хэрэгтэй.

Эдийн засаг ямар байгааг гагцхүү ард түмний амьдралаар хэмжигдэнэ.

Хүнд оруулсан хувь нэмэр 10 дахин нэмэгддэг шүү дээ. Тиймээс энэхүү бондын мөнгийг хувь хүний боловсролд зарцуулах хэрэгтэй болов уу. Харин бондын мөнгийг буруу зарцуулвал ирэх гай нь их.

-“Чингис” бондыг үйлдвэрлэл явуулах хэмжээний бүтээн байгуулалтад анхаарахаас илүүтэй автозам барихад зарцуулсан гэх шүүмжлэл их гарсан шүү дээ?

-“Чингис” ч бай, “Самурай” бонд ч бай гурав дахь зах зээлийг босгож чадвал “сайн” гэж хэлнэ. Бондын мөнгөний зарцуулалт хяналтад байх ёстой. Зарцуулах эрх бүхий этгээд нь ажлаа хийх ёстой.

Энэ талаар дутагдалтай зүйл бий. Бондын зөвлөл гэж байгаа. Хамгийн гол нь энэ эрх бүхий байгууллага нь хариуцлага хүлээдэг байх ёстой гэдгийг хэлээд байгаа юм.