УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандлаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг сануулсан албан бичгийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээлээ.
Өнгөрөгч есдүгээр сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ.
Парламентаас онцгой ач холбогдол өгч баталсан энэхүү хуулийг гадаад, дотоодод сурталчлан мэдээлж эхлэх нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж, гадаад болон дотоод зах зээл дээр эерэг дохио өгөх боломжтойг С.Бямбацогт гишүүн дурджээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг сануулжээ.
Мөн уг хууль гадаад валютын нөөц нэмэгдэх, шинэ техник, технологи нэвтрэх, татварын орлого нэмэгдэх, шинээр ажлын байр бий болох, цаашлаад эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх учраас яаралтай сурталчлан таниулах шаардлагатайг албан тоотод онцолсон байна.
Тиймээс "Хуулийг сурталчлан таниулах ажлыг хойшлуулах хэрээр Монголын нийгэм, эдийн засгийн талаар таамаглал, үл итгэлцэл, цуу яриа, сөрөг хандлагыг улам хөөрөгдөн, үнэт цаасны арилжаанд оролцогч санхүүгийн тоглогчид манайхтай холбоотой арилжаанаас зайлсхийх, Монголын эдийн засагт ихээхэн сөрөг үр дагаврыг дагуулах болно.
Иймд үүсч болох хүндрэлийг багасгахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг сурталчлан таниулах ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг Засгийн газарт сануулж байна" гэжээ.