Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулалтын хуулиар эдийн засгаа сэргээх боломж харагдахгүй байна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2013.09.26

Ж.Эрдэнэбат: Хөрөнгө оруулалтын хуулиар эдийн засгаа сэргээх боломж харагдахгүй байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж буй түшээдийн нэг юм.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг та бүхэн хэлэлцэж байна. Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг татах зүйл заалт алга гэсэн хатуухан шүүмжлэлийг та УИХ-ын байнгын хорооны хурал дээр хэлж байсан. Ямар алдаа байна?

- Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Засгийн газрын зүгээс боловсруулаад оруулж ирүүлсэн.  Энэ төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүсийн нэг нь би. Өнөөдөр Монголын эдийн засгийн нөхцөл байдал маань ямархуу байдалтай байгаа билээ гэдгийг хүн бүр мэдэж байна. Монголын эдийн засаг уналтын байдал руу орлоо.

Гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татаад эхэллээ. Монгол руу хөрөнгө оруулах сонирхол буурлаа гэсэн дүр зургууд харагдаж байна. Үүнийг сайжруулах зорилготой оруулж ирүүлж байгаа хууль нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл.  Өөрөөр хэлбэл, гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагч нарын идэвхийг сэргээх зорилготой хууль. Хөрөнгө оруулалтыг сэргээж байж эдийн засгаа тодорхой хэмжээнд өөд нь татах боломжтой. Харамсалтай нь, энэ төслөөс эдийн засгаа сэргээх боломж  харагдахгүй байна.

Ер нь гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татах нөхцөл юу байдаг гэхээр татварын орчин юм. Хөрөнгө оруулах орны маань татварын орчин нь  ямар байна вэ гэдгийг гадныхан хамгийн түрүүнд анхаардаг. Одоогийн байдлаар манайхан хөрөнгө оруулагч нарт дөрвөн төрлийн татвар тогтвортой байлгана гэж амлаж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын татвар, гаалийн татвар,  нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хувьд нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн татварт тогтвортой байлгана гэж амлаж байна.

Тэгвэл энэ дөрвөн төрлийн татвар нь угаасаа тогтвортой. Сүүлийн  10 жилийн хугацаанд хамгийн тогтвортой байсан нь энэ татварууд юм.  Тогтвортой явсан татвараа дахиад тогтвортой байлгана гэж хуульдаа тусгаж өгснөөр хөрөнгө оруулагчийг татах уу, үгүй юу. Үүнд эргэлзэж байна. Энэ бол боломжгүй зүйл. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч нар тэртэй, тэргүй Монголын нөхцлийг судалчихсан байгаа. Энэ улсын татварын орчин тогтвортой байдаг уу , үгүй юу. Бусад орнуудтай харьцуулахад өндөр байна уу, бага байна уу гэдгийг гадаадын хөрөнгө оруулагч нар судалсан байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх амлаад байгаа татварууд нь тогтвортой гэдгийг тэд мэдэж байгаа гэсэн үг. Энэ утгаараа дээрх дөрвөн татварыг тогтвортой байлгана гэж хэлээд хөрөнгө оруулагч нарыг татна гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал.

 -Үүнээс өөр ямар амлалт өгөх ёстой гэж?

Хуулийн төсөл санаачлах гол шалтгаан нь хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, долларыг  оруулж ирэх гэсэн зорилго

 -Татварын орчинд маш олон төрлийн дэмжлэг туслалцаа байдаг. Татвараас чөлөөлж болдог, хөнгөлөлт эдлүүлж болдог, татвараа авахдаа тодорхой цаг хугацааны дараа авч болох гэхчилэн олон боломж байна. Хөрөнгө оруулагч нарыг татахын тулд ийм боломжийг хуульдаа оруулж өгөх ёстой.

Энэ хуулийн төсөл санаачлах гол шалтгаан нь хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, долларыг  оруулж ирэх гэсэн зорилго юм. Өнөөдөр валютын урсгал гадагшаа чиглэхээс биш дотогшоо чиглэсэн урсгал алга. Хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан нь вальтын урсгал дотогш чиглэхээ больсон гэдгийг нотолно.  Нөгөө талаар Монгол Улс  өөрөө үйлдвэрлэгч орон биш. Цаашдаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар манай жижиг, дунд үйлдвэрлэл рүү хөрөнгөө хийж байж Монгол үйлдвэрлэгч улс болох бололцоотой. 

Өөрөө зах зээл нь жижигхэн учраас хойно, урд байгаа хоёр зах зээлээ ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжийг эрэлхийлэх ёстой юм. Үүнийг бүрдүүлж авахын тулд тодорхой нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэсэн саналыг  төсөл санаачлагч нарт удаа дараа тавьж байна. Тэгээд ч нэгэнт хөрөнгө оруулалт зогссон байгаа энэ үед татвар авах гээд улайрсны хэрэггүй байгаа юм.

Гаалийн татварыг хойшлуулж өгч болно. Гаалийн нэмэгдсэн өртөг болоод гаднаас оруулж ирүүлэх тоног төхөөрөмжийнх нь татварыг хойшлуулж болно. Тийм тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж оруулж ирсэн  тохиолдолд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг жил магадгүй гурван жилийн дараа төлөхөөр хойшлуулж болно. Энэ нь хөрөнгө оруулагч нарт маш том хэмжээний дэмжлэг болох учиртай. Тиймээс том, жижиг гэж ялгалгүй хөрөнгө оруулагчыг татах бололцоо юу байна гэдгийг тал, талаас нь судалж үзэх ёстой. Үүнийг байнгын хороо болоод чуулганы хуралдаан дээр  хэлэх ч,  харамсалтай нь ийм хэмжээний шийдвэр гарахгүй юм шиг байна.

-Дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих нь учир дутагдалтай байна гэж гишүүд шүүмжилж байгаа. Дотоодын хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх ёстой юм. Гарц нь юу байна?

-Томоохон төслүүдэд дотоодоос хөрөнгө босгох бололцоо байхгүй. Томоохон төслийг санхүүжүүлэх чиглэлд нь гадаадын компаниуд хөрөнгө оруулалт оруулж ирж таарна. Харин жижиг болоод дунд хэмжээний төслүүдэд дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтаа хийх бүрэн боломжтой. Миний хувьд энэ хуулийн давуу тал нь гадаад, дотоодынн хөрөнгө оруулагч нарт ижил нөхцлөөр хөрөнгө эдлүүлэх санаа гэж харж байна.

-Манай улсын аль салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Мэдээж гадны компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байх биз?

-Ер нь нийт хөрөнгө оруулалтын 70 хувь нь уул уурхайн салбар. Нэгэнт уул уурхай, эрдэс баялаг дээрээ түшиглэсэн хөрөнгө оруулалт түлхүү байгаа учраас үүнийгээ ашиглах нь зөв. Гэхдээ Монгол маань өөрөө үйлдвэрлэгч улс болохын тулд уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжиж өгөх ёстой. Тухайлбал,  уул уурхайн чиглэлийн хөрөнгө оруулалт оруулж ирүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд бага хэмжээний хөнгөлөлт эдлүүлдэг. Бусад салбарт оруулж ирж хөрөнгө оруулалтад өндөр хэмжээний хөнгөлөлт эдлэх бололцоог энэ хуулиар тусгаж өгөх ёстой.

Ингэж байж үйлдвэрлэлээ өргөжүүлж чадна. Би түрүүн хэлсэн дээ, Монгол маань өөрөө жижигхэн зах зээлтэй. Үүнд магадгүй хөрөнгө оруулагч нарын хувьд маш таатай орчинтой байж мэднэ. Тэд Монголын талд байгаа хоёр зах зээлийг ашиглахын тулд хөрөнгө оруулах сонирхол их байх нь дамжиггүй. Түүнээс биш Монголын зах зээлийг ашиглах гэж хөрөнгөө оруулна гэж бодохгүй байна. Эцсийн дүндээ уул уурхайн салбарт яагаад  хөрөнгө оруулалт орж ирдэг гэхээр Монголын эрдэс баялагийг ашиглах зорилго шүү дээ.

- Хөрөнгө оруулах гэж байгаа бол 15 тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө байх ёстой шаардлагыг юу гэж харж байна. Үүнийг зарим хүн олигархид зориулсан босго гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, 15 тэрбум төгрөг гаргаад хөрөнгө оруулах компани цөөхөн. Тэр цөөхөн компанид л давуу эрх үүсэх нь гэж?

Уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байгаа бол 15 тэрбум байна.

-15 тэрбум төгрөг нь өөрөө өндөр дүн. Энэ дүн уул уурхайн салбарт л орж ирэх боломжтой. Тэгээд ч уул уурхайн салбар нь өөрөө өндөр хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг.  Тэгвэл хөрөнгө оруулалтын хэмжээг ч гэсэн салбар, салбарт нь өөрөөр тусгаж өгөх ёстой. Бүх салбарыг адилтгаад 15 тэрбум гээд тавьчихвал уул уурхайгаас өөр салбарт хөрөнгө орж ирэх нь юу бол.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байгаа бол 15 тэрбум. Харин  хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл болоод бусад салбарт бол арай бага дүнгээр тогтоож бууруулах ёстой. Ингэснээр манай улс үйлдвэрлэгч орон болох боломж нь бүрдэнэ.

-Таны хэлж байгаа нөхцлүүдийг хуульд тусгаж өгөөд баталлаа гэхэд Монголын эдийн засаг хэвийн хэмжээндээ хэзээ очих бол?

-Эдийн засагч хүний хувиар хэлэхэд Монголын эдийн засаг хэвийн хэмжээндээ орох нөхцөл бололцоо төрийн бодлогоос шалтгаална. Төр ямар нэгэн байдлаар эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлэх бодлого явуулах юм бол Монголын эдийн засаг жижигхэн учраас сэргэхдээ маш амархан. Эдийн засгаа дэмжсэн бодлого явуулж чадахгүй тохиолдолд хэзээ  сэргэхийг хэн ч тодорхойлж хэлж чадахгүй.

-Төсөвт тодотгол хийх тухай гишүүд ярьж байна. Ялангуяа, танай намын гишүүд ийм байр суурийг хүчтэй илэрхийлэх болсон үргүй зардлыг таная гэж?
2011 оны орлогоос 2012 оны орлого нь хоёр их наяд төгрөгөөр илүү

-Үнэн чанартаа баахан зардал тавиад түүндээ таарсан төсөв баталсан юм шүү дээ. Үүнийг төсөв баталж байх үед нь ч хэлж байсан. 2012 оны гүйцэтгэлийг харгалзаж үзэхгүйгээр 2012 онд тасарсан төлөвлөгөөг харж үзээд 2013 оны төсвийг баталчихлаа шүү гэж. Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байхад төсвийн орлого 600 тэрбум төгрөг өссөн байдаг. Эдийн засаг өсөлт байхгүй үед төсвийн орлого өсөх үү гэдгийг тооцож үзэх ёстой байсан.  2011 оны орлогоос 2012 оны орлого нь хоёр их наяд төгрөгөөр илүү.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт нь оргил үе байсан. Ер нь эрх баригч намыханд хандаж хэлэхэд, МАН-ын гишүүний хэлсэн үг худлаа байдаг гэж битгий бод. Эд нар шүүмжлэх гэж шүүмжлэгчийн байр сууринаас хандаад байна гэсэн ойлголтоор битгий хандаач хэлмээр байна. “Тэд юу хэлэв, яагаад ин­гэж дүгнэв” гэдэг өнцгөөс нь асуудлыг харвал бүрэн утгаараа ардчилал юм.

-Урт нэртэй хуулийг дагалдах журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээс хойшлууллаа.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ч гэсэн ийм байдлаар хойшлуулах юм биш биз?

-Миний хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж хэлэх байна. Зайлшгүй шаардлагатай. Хэлэлцэхдээ хөрөнгө оруулагч нарыг татсан зүйл заалтыг тусгаж өгч байж хэлэлцэх шаардлагатай. Хуулиараа Монголд хөрөнгө оруулалт оруулах сонирхлыг нь төрүүлэх ёстой.