УИХ-ын гишүүн, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт
2013.10.07

Эдийн засагт ач холбогдолтой экспортын төслүүдэд тогтворжуулалтыг уртасгаж болно

УИХ хөрөнгө оруулалтын тухай хуулийн батлан гаргасан. Энэ хуулийн гол баримтлал бол гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хууль эрх зүйн баталгааг хангах хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх  төвлөрлийг сааруулж хөдөө орон нутагт хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн гэж гишүүд хэлж байгаа.

УИХ-аас гаргасан хөрөнгө оруулалтын хуулиар төрөөс хөрөнгө оруулагчдад тогтворжуулалтын гэрчилгээ олгодог байх юм. Зөвхөн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын хэмжээ, орон нутгийн зохицуулалт хийдэг байхаар болсон.

Өөрөөр хэлбэл ямар төрлийн бизнес эрхлэх аль бүс нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулах зэргээс дөрвөн төрлийн татварыг хэдэн жилийн хугацаанд тогтворжуулах вэ гэдгийг тодорхой  болгох ёстой гэж гишүүд үзсэн.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт “Гишүүдийн зүгээс бүсээр хуваах нь зөв гэсэн санал гарсан. УИХ-аас баталсан бүс байгаа үүнийг ялгавартай тогтоох нь оновчтой гэж үзсэн” хэмээн чуулганы үеэр хэллээ.

УИХ-аас батлан гаргасан хуулиар бол тодорхой босго хангасан хөрөнгө оруулагчдад аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг өөрчлөхгүй тогтвортой мөрдөхөөр болоод байна.

Д.Зоригт “Хамгийн багадаа 5 жил, ихдээ 15 жил тогтворжилт авна. Зарим онцгой салбар буюу улс орны эдийн засагт урт хугацаанд онцгой ач холбогдолтой экспортын зориулалттай, экспорт гаргах төслүүдэд 15 жил гэдэг хугацааг 1.5-аар үржүүлээд уртасгаж болохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа” хэмээн хэллээ.